Улс төр
Монгол Германы хооронд авто тээвэр хийх нөхцөл бүрдлээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “АВТО ЗАМААР ОЛОН УЛСЫН ЗОРЧИГЧ БОЛОН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ийг баталлаа.
Өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулити нар дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Энэхүү хэлэлцээр нь Европын улсууд болон бусад улсуудтай байгуулсан хэлэлцээрүүдтэй харьцуулахад мэдээллийг хамгаалах, хэлэлцээрийг НҮБ-д бүртгүүлэх, Европын холбооны болон олон улсын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн бичиг баримтуудыг тусган оруулсан зэрэг онцлог давуу талтай болсон.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар:
Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, Европын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болоод байна.
Хоёр улсын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
Мөн хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжинө.
Түүнчлэн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх юм байна.
Уг хэлэлцээрээр шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заагдсан байна. Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгслийг худалдан авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой болно.
Ташрамд дурдахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа энэ хугацаанд амжилттай хөгжиж, иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэн бөгөөд энэхүү ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө хоёр тал хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрсэн.
Германаас Монгол руу чиглэсэн импортын барааны ихэнх хувийг хүнсний бүтээгдэхүүн (19,3%), химийн бодис, бүтээгдэхүүн (17,0%), машин, тоног төхөөрөмж (13,6%) автомашин, түүний эд анги (12,3%) эзэлж байна. Монголоос Герман руу ихэнхдээ малын гаралтай түүхий эд (52,1%), хувцас, оёмол эдлэл (39,0%) экспортолж байгаа болно.
Улс төр
“Уул уурхайн инноваци хөгжил” олон улсын форум эхэллээ
БНХАУ-ын Бээжин хотноо “Уул уурхайн инноваци хөгжил” олон улсын форум эхэллээ.
Энэхүү үйл ажиллагаа Хятадын Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, уул уурхайн мэргэжилтний хорооноос 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээний талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Тус өдөрлөг энэ сарын 21,22-ны өдрүүдэд үргэлжлэн гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ эхэллээ
Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Хэлэлцээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Рю Поб Мин нар нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, стратегийн түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд энэхүү хэлэлцээр нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
Эхний шатны хэлэлцээний үеэр гарсан үр дүн, ахиц дэвшилд тулгуурлан бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны гол салбаруудыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр 2024 оны 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрүүдэд гурван өдрийн турш хэлэлцээ өрнүүлэх юм.
Хэлэлцээрийн зорилго нь худалдааны урсгалыг жигд, үр ашигтай явуулахын тулд тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчид, иргэдэд шинэ боломжуудыг бий болгоход чиглэх юм.
Энэ удаагийн хэлэлцээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад холбогдох байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Улс төр
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласныг Ерөнхийлөгч сайшаалаа.
Конвенцын хэрэгжилтийг хангах, олсон ололт амжилтыг улам бататгах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол Улс өндрөөр үнэлдгийг онцлов.
Ерөнхийлөгч мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг хэлэв.
Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэр олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буйд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.
-
Нийгэм11 цаг өмнө
“Шинэ Хархорум” хотын инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал хийж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Хог хаягдлыг ил задгай шатаахад олон төрлийн хорт, аюултай химийн бодис ялгардаг
-
Нийгэм18 цаг өмнө
Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
Бельги, Франц, Германд хүчтэй үер болж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ эхэллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Н.Мөнхбат нарын 3 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
“OPEN-AI” компани “ChatGPT” хиймэл оюуны шинэ хувилбарыг танилцуулав
-
Нийгэм10 цаг өмнө
ДЭЭД ШҮҮХ: 1000 гаруй хүн хүсэлт ирүүлснээс 714 иргэний лавлагааг олгоод байна