Улс төр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийв

“Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав
Дараа нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу уг хөтөлбөр болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын даргын 2023 оны 209 дүгээр захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна. Ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэн үзүүлсэн байна. Үндэсний хөтөлбөрийн төслийг Ёс зүйн хороо болон Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын дэмжлэгтэйгээр www.csc.gov.mn, https://d.parliament.mn/ цахим талбаруудад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авчээ. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, иргэний нийгэм, судалгааны байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг долоон удаа зохион байгуулж, төрийн, төрийн бус нийт 45 байгууллагаас 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, эцэслэн боловсруулсан байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа асуулт асууж, үг хэлсэн юм. Тэрбээр, өнгөрсөн гурван хоногт болж өнгөрсөн эмийн үнийн өсөлтийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор тус салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт өгдөг боловч шийдвэрлэдэггүй, ашиг сонирхлын зөрчил нь илэрхий байсан ч төрийн албанд оруулж ажиллуулдаг зэрэг баримтууд яригдсан тухай дурдаад, хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар хэрхэн ажиллах, энэ мэт зөрчлийг эцэс болгох чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн Үндэсний хөтөлбөрт хэрхэн туссан тухай асуулт тавив. Мөн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлага юу байгаа талаар асууж, хариулт авсан юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төрийн албан хаагч томоохон ёс зүйн зөрчил гаргах тохиолдолд эрх мэдэлд нь цэг тавьж чаддаг байх, зөрчил гаргахгүй байх тал дээр нь шалгуурыг нь өндөр тавих шаардлагатай гээд, эмийн үнийн өсөлтийн асуудлаарх сонсгол дээр яригдсан нотлох баримтуудыг харж байхад тус салбарт төрийн зохицуулалт маш их байгаа атлаа ашиг сонирхлын зөрчил, далд бизнес асар их цэцэглэж, аалзны тор шиг бүрхчихсэн байгаа нь харагдсан гэсэн юм. Улсын Их Хурлаас төсөв, зардлыг нь жил дараалан нэмээд байхад энэ маань ард, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах ёстой байтал өөр замаар урсаж алга болоод байгаа нь бас л төрийн албан хаагчдын ёс зүй, шударга байдал хангалтгүй байгаатай холбоотой хэмээн тэрбээр дурдаж, үүнийг таслан зогсоох ёстой гэв. Мөн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх шийдвэрлэлт нь шударга, зөв байх ёстойг онцоллоо.
Санал хураалт явуулахад “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Ажлын хэсгээс уур амьсгалын өөрчлөлт гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, төсөвт зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулах, малын гаралтай түүхий эдийн анхан шатын ангилалт, тордолт хийж боловсруулалтыг нэмэгдүүлэх, стандарт техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах, даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталж, үе шаттай хэрэгжүүлэх зэрэг саналыг төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын болон найруулгын шинжтэй 13 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн тавдугаар зүйл болон долдугаар зүйлтэй холбогдуулан хоёр санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд нар Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулгадаа дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллийг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан гэлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Д,Тогтохсүрэн, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хөдөө, орон нутагт малчдын аж байдал, өвөлжилт, хаваржилтын үр дагавар ямар байгааг сануулж, хуулийн төсөлд малчдад хэрэгтэй, тэдний амьдралд дэм тус болох зүйл байхгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, малчны эрх, үүргийг тодорхойлсон төслийн есдүгээр зүйлийг эшилж, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл явуулсан байна, чанар, бүтээмжийг нэмэгдүүлсэн байна, өөрөө мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн байна, ингэж байж зээл, санхүүжилт өгнө гэнэ. Энэ үүргээ биелүүлээгүй бол хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн нь харин ч малчдыг айлгаж, дарамталсан хууль болохоор байна гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн, орон нутагт ажиллаж байхад малчид, бидний гамшиг, зудын хохирлыг нэг удаа төлөөд өгчих, мөн махны үнийг унагаж, хог болгохгүй байлгаад өгвөл төрөөс юу ч гуйхгүй амьдарч чадна гэсэн хүсэлт тавьж байна гээд, өөрсдөө амьдарч чадна гээд байхад нь та нар чадахгүй, заавал хоршоолол бол, тэгвэл зээл өгнө, дэмжинэ гэж зүтгүүлэх нь буруу гэв. Тэрбээр энэ хуулийн төслийг Засгийн газар татаж авах нь зүйтэй гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, мал аж ахуйн салбараа цаашид яаж хөгжүүлэх, хэрхэн хамтарч, нэгдэж ажиллах, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжихтэй холбоотой харилцааг хуулийн төсөлд бүрэн зохицуулсан байгааг дурдаад, өнөөдөр үүсэж бий болсон гамшгийн нөхцөл байдалд Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа, мөн малчны зээлийн хуримтлагдсан хүүгийн 75 хувийг хөнгөлөлтийг эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын хоорондын зохицуулалтыг хэрхэн хийх талаар Сангийн яам ямар тооцоо гаргаж байгаа, нэг хоршоонд 5.0 га газар олгох зохицуулалтын хүрээнд хоршоод хооронд давхардал үүсэхгүй байх, нэг малчин олон хоршоонд гишүүнчлэгдэж болох эсэх зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэн яаралтай горимоор Засгийнгазраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл олон хууль зөрчиж байгааг анхааруулж, төсвийн тодотгол хийх шаардлагатай эсэх, хууль батлагдсанаар баахан мал авна гэсэн хүлээлттэй байгаа малчдаас асуулт, судалгаа авсан эсэх талаар асуув. Тэрбээр, нэг нь ч ажиллахгүй байгаа Дарханы, Эмээлтийн аж үйлдвэрийн паркууд шиг зүйл болох вий хэмээн болгоомжилж байгаагаа хэлж, хоршоонд нэгдсэн болон нэгдээгүй малчид гэсэн ялгаварлал бий болж, нэгдэлжих хөдөлгөөний үед гарсан “хамтралын бухыг буудлаа” гэдэг шиг гадуурхал, хэлмэгдүүлэлт үүсэж болзошгүйг сануулсан юм. Яг хэрэгтэй үед бензинээр тасалж, нүүдэл суудал эхлэх, өвс тэжээлээ татах үед дизель түлшээр таслах зэрэг хариуцлагагүй юм хийдэг атлаа сонгууль дөхөхөөр ийм хууль гаргаж, ээлжит хууралтаа хэрэглэж байгаа юм биш биз гээд тэрбээр, сонгууль өнгөрөхөөр энэ бүхэн байхгүй болчихож болохгүй хэмээн сануулав.
Монголчууд жалгын нэг тархай бутархай байсан юм шиг ойлгож болохгүй, айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэж, цаашилбал аравтын зохион байгуулалтаар хэдэн зуу, мянган жил зохион байгуулагдаж ирсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлээд, сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгаль, цаг уурын эрсдлийг даван туулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх нь зөв зүйтэй гэж үзэн, хуулийн дэмжиж байна гэсэн юм. Засгийн газраас нэгэнт шийдвэр, тогтоол нь гарсан зээлийн хугацааг сунгах, хүүгийн төлбөрийг хөнгөлөх асуудал яг газар дээрээ, хөдөө орон нутагт өөрөөр хэрэгжээд байгаад анхаарахыг тэрбээр сануулж, малжуулах хөтөлбөрийг богино хугацаа, бага санхүүжилтээр явуулах боломжгүйг болон малчдын хоршоонд фермерүүдийг хамруулах эсэх талаар асуулт тавьсан юм.
Түүний ярьсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын аравтын зохион байгуулалтын талаар жишээлж, уг зохион байгуулалт ихээхэн үр дүнтэй байж, өвөлжилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулсныг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, зээлийн хугацааг хойшлуулах, хүүг хөнгөлөх ажлыг яг хэзээнээс эхлэхээ тодорхой хэлэхгүй хөдөө сумдад банк, малчдын хооронд үл ойлголцол үүсээд байгааг сануулж, нэг хоршоонд 5.0 га газар олгох нь өвс, тэжээл тариалах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд багадна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, багаараа ч юм уу, 2-3 хоршоо нийлж нэгдээд 50-аас дээш га-д тариалахгүй бол зардал өндөртэй, ашиг гарахгүй гэсэн тайлбар хэлсэн юм. Малчид хэрэглээний зээлийг 20-22 хувийн хүүтэй авч байгааг тэрбээр дурдаж, Засгийн газраас боловсруулсан төлөвлөгөөний хүрээнд 6.0 хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөж буй нь хүүгийн дарамтыг дөрөв дахин багасгахаар байгаа нь талархууштай гэлээ. Цаашлаад, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлж, арьс ширний, махны экспортын асуудлыг шийдэх, хил залгаа боомтоор гаргах, малаа эрүүлжүүлэх, хоршоод нэг малын эмчтэй байх зэрэг зохицуулалтыг оновчтой хийж чадвал үсрэнгүй үр дүн гарна гэж үзэж байгаагаа тэрбээр дурдав.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, энэ хууль бол Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой хууль хэмээн онцлоод, Засгийн газраас мал аж ахуйн сэргэлт бий болгох үүднээс авч буй гурван арга хэмжээг тайлбарлав. Юуны өмнө Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75.0 хувийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргаад хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад явж байгаа юм. Мөн 2024 оны эхний хагас жилийн тооллогоор эцэслэгдэн гарах малын хорогдлын хэмжээнд үндэслэн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнд зориулан улсын төсөвт 22.0 тэрбум төгрөг тусгаад байгаа юм.
Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад байгаа бөгөөд уг төлөвлөгөөгөөр малчдын хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн 6.0 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгодог байхаар тусгасан байна. Малчдын хоршоод хөрөнгө оруулалтын зээлээрээ мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чадавх бий болгох бөгөөд ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 10.5 хувийг эзэлж байгаа тус салбарын үйлдвэрлэл 5-10 жилийн дотор ДНБ-ий 30 хувьд хүрнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна. Түүнчлэн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шим сайтай салбар болгож хөгжүүлснээр малын тоо толгой тодорхой хэмжээнд буурч, ашиг шим, нэг малаас олох орлого нэмэгдэнэ хэмээн сайд Д.Амарбаясгалан танилцуулав.
Өнөөдрийн байдлаар манай улсын дундаж малчин сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600.0 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар удаан амьдрах тусмаа улам ядуурдаг нөхцөл бий болсныг тэрбээр дурдаад, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс гар аргаар нядалсан махыг зах зээлд нэвтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр малчид улам шахагдаж, амьдрах нөхцөлгүй болох эрдэл үүсэх тул хөрөнгө оруулалтын зээлийн бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Малчдын хоршоодод анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх бий болгосноор өнөөдөр малчны хотонд малын өөрийн өртгийн ердөө 20 хувь нь үлдэж байгааг 50 хувьд хүргэх боломжтой талаар тэрбээр жишээлэв. Түүхий эдийн ченжийн систем малын өөрийн өртгийн 60 хувийг, худалдаа, борлуулалтын систем 20 хувийг шингээж, малчны хотноос 1.0 сая төгрөгөөр гарсан үхэр хэрэглэгчийн гар дээр 5.0 сая төгрөгөөр ирж байгаагийн 50 хувийг хотонд нь, малчинд үлдээх зорилготой хэмээн тэрбээр Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг тайлбарлалаа. Гэхдээ хоршоонд нэгдэх эсэх нь малчдын сайн дурын сонголт байх юм гэдгийг тэрбээр дурдав. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрт урт хугацаанд 5.0 их наяд төгрөгийн санхүүжилт орож бөгөөд үр дүнд нь дундаж малчны сарын орлого 5.0 сая төгрөг болно гэсэн тооцоог Засгийн газар хийсэн байна.
Сайд Д.Амарбаясгалан, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр малчид хэрэглээний, хөрөнгө оруулалтын, мөн эргэлтийн гэсэн гурван төрлийн зээл авах боломжтой болно гээд, малчид зөвхөн мал малладаг биш, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, энэ бүхнийхээ үр шимээр илүү сайн, сайхан амьдрах боломжтой болно гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар хуулийн төсөлд тусгасан жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон заалтаас төсөв хооронд зохицуулалт хийх асуудлыг хассан талаар тайлбарласан юм. Харин төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийхдээ тухай бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх саналыг Ажлын хэсэг гаргаад байгаа юм.
Малчдын зээлийн хугацааг сунгаж, хүүгийн төлбөрийг хөнгөлөх Засгийн газрын шийдвэрийн талаар Монголбанк болон арилжааны банкууд, малчдыг нэгдсэн мэдээлэлтэй болгох ажлыг зохион байгуулж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг дурдаж, урьд өмнө хэрэгжүүлж байсан малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 5.0 сая хүртэл төгрөг олгож байсныг энэ удаа 8.0 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн юм. Тус яамнаас долоо хоног тутам 70 дээш хувийн малын хорогдолтой малчин өрхүүдийн судалгааг авч байгаа бөгөөд одоогоор ийм өрхийн тоо 4816 болоод байгаа ажээ.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжсэн Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Малчдын хоршоонд мал бүхий иргэдийг хамруулах тухай Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, бусад саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн нэгдүгээр зүйлийн “автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал” гэснийг “автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал, өөдөс” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Энэ саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах гомдлыг хэдийд ч гаргаж болох саналыг гишүүдийн олонх дэмжлээ
Үүний дараа, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцуулав. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар цагаатгуулах гомдол гаргах, хүлээн авах хугацааг хүчингүй болгож, уг гомдлыг хэдийд ч гаргаж болох талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан цагаатгуулах, гомдол гаргах, хүлээн авах хугацааг хүчингүй болгох үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нарын гаргасан, Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлөх тухай хуулийг төслүүдийг хэлэлцэхээр болов
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын иргэдийн дунд элэгний D гепатит вирусийн халдвартай хүмүүсийн тоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын аргачлалаар тооцсоноор 66 000 хүрсэн байх магадлалтай байна гээд, энэ халдвартай иргэдийн төрийн бус байгууллага (ТББ)-аас 150 000 иргэн халдварласан гэсэн тооцоо гаргасныг дурдав. Засгийн газар D вирутэй иргэдийг эмчилгээнд хамруулах олон талын арга хэмжээ авч байгааг сайд тэмдэглээд, ДЭМБ албан ёсоор бүртгэсэн нэг л төрлийн эмчилгээ байгаа нь пэг-интерферон эм боловч үүнийг D, B вирустэй иргэдийн төлөөллийн ТББ-аас гаж нөлөө ихтэй учир эсэргүүцдэг талаар танилцуулав. ДЭМБ бүртгээгүй боловч D вирусыг эмчилдэг бас нэг төрлийн эмчилгээ байгаа нь АНУ-ын Gilead Science компанид үйлдвэрлэж буй булевиртид эм болохыг сайд илтгэлдээ дурдаж, Европын Холбооны улсууд бүртгэж эмчилгээнд хэрэглэж байгаа энэ эмийн эмчилгээний зардал ихээхэн өндөр байгааг бууруулах шаардлага тулгарч байгааг тэмдэглэв. Эрүүл мэндийн сайд Gilead Science компанийн удирдлагуудтай хоёр удаа цахимаар, Азийн бүсийг хариуцсан захиралтай нэг удаа бечлэн уулзалт хийж, энэ эмчилгээг Монгол Улсад эхлүүлэх, өртөг, зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ хийсэн байна. Цаашид D вирустэй иргэдийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөлөхийн тулд АНУ-ын булевиртид эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэх үед гаалийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас хуулийн төсөл боловсруулжээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны энэ сарын 17-ны буюу өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Хууль батлагдсанаар гепатит D вирусийн халдвартай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж сайжирч, хүн амын өвчлөл, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт, санхүүгийн дарамт буурахад эергээр нөлөөлнө гэсэн Засгийн газрын үндэслэлийг тэрбээр дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үе Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт тусгагдсан D вирустэй тэмцэх үйл ажиллагааны төсвийн зарцуулалт болон булевиртид эм дэлхийн хэдэн улс орны эмчилгээнд ашиглагдаж байгаа, үр дүн нь ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ асуудлыг нэн яаралтай горимоор, шуурхай оруулж ирж байгааг талархал илэрхийлээд, өртөг, зардал ихтэй, удаан хугацаанд хийгддэг энэ эм, эмчилгээний үнэ ханшийг бууруулах болон бусад нөхцлийг сайжруулах талаар ямар ажил, алхам хийж байгааг болон D вирустэй иргэдийн эмчилгээнд зориулж улсын төсөвт тусгасан зардал, санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгаа талаар асууж хариулт авав.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа, АНУ-ын Gilead Science компани удирдлагуудтай уулзахад Европын холбооны улсуудад зарагдаж байгаа үнээс тав дахин бага үнээр нийлүүлэх боломжтойгоо урьдчилсан байдлаар илэрхийлээд байгаа гээд, энэ буулгасан үнийг нь дахиад 50 хувиар бууруулах талаар ярьж байгаагаа танилцуулсан юм. Ирэх долоо хоногт дахин уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байна, та бүхэн үнээ дахин бууруулаач гэсэн хүсэлт тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр уг эмчилгээний өртөг, зардал сарын 1000 ам.доллароос дотогш болж буурах болов уу гэж баримжаалж байна. Хэдийгээр үнэ, өртгийг ингэж бууруулсан ч халдвартай иргэдэд учрах санхүүгийн дарамт өндөр байхаар байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас чөлөөлбөл нийтдээ 30 орчим хувиар хөнгөрөх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулав. Булевиртид эмийг анх ОХУ-д үйлдвэрлээд, түүнийхээ патентийг АНУ-ын Gilead Science компанид зарахдаа бусад улс оронд худалдан борлуулахгүй, зөвхөн улс дотроо, иргэдийнхээ эмчилгээнд хэрэглэх нөхцөлтэйгээр өгсөн байна. Тиймээс манай иргэд ОХУ-аас эмчилгээ авъя гэвэл Улаан-Үд хот руу явах, зардал чирэгдэл багагүй гаргахаар байгаа гэсэн тайлбарыг тэрбээр хийсэн юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зориулж 2023 оны улсын төсөвт 13.0 тэрбум төгрөг тусгагдсаны 4.0 тэрбум төгрөгөөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний B, D вирусын оношлогоо, шинжилгээ хийх чадавх бий болгох, бэхжүүлэх, Халдварт өвчин судлалын төвийн хүчин чадлыг сайжруулахад зарцуулсан байна. Харин 9.0 тэрбум төгрөгөөр ДЭМБ-д бүртгэлтэй пэг-интерферон эмчилгээг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан боловч B, D вирустэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг худалдан авалт зогсоод байгаа юм. Мөн 2024 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг батлагдсаныг өмнөх оны худалдан авалтын зардалтай нийлүүлж, нийт 14.0 тэрбум төгрөгөөр АНУ-аас булевиртид эм худалдан авахаар ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
АНУ-аас худалдан авах булевиртид эмийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа тавив. Тэрбээр, 2007 оныг хүртэл оёдлын салбар ДНБ-ий 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, 30 мянга гаруй ажилтантай байсан бол өнөөдөр 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг, 3000 гаруй ажиллагсадтай болж буурсан талаар дурдаад, Монгол Улсын бэлэн хувцасны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, экспортын хэмжээг өсгөх, ажлын байрыг эрс нэмэгдүүлэн ядуурлын бууруулах хөшүүрэг болгох зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг /дотоодод үйлдвэрлэдгээс бусад/ гаалийн албан татвараас чөлөөлөх” гэсэн нэмэлт оруулах хуулийн төслийг санаачиллаа гэв.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, материалыг гаалийн татвараас чөлөөлөх нь үйлдвэрлэгчдийн татварын ачааллыг бууруулахгүй, харин импортоор түүхий эдийг нийлүүлж байгаа нь дундын зуучлагч нарт илүү ашигтай байдлыг бий болгох эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжиж, үйлдвэрлэл эрхлэгчдийг үнийн өрсөлдөөнөөс хамгаална гэж үзэж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр, цаашид дотоодоос хангаж болох зарим бүтээгдэхүүнд төрийн худалдан авалт хийж, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх, улмаар иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээг дотооддоо хангах нөхцөлийг бүрдүүлж, дотоодын үйлдвэрүүдээ зөв бодлогоор дэмжихшаардлагатайг дурдан, хуулийн төсөлд хэлэлцүүлгийн шатанд зарим нэг бодлогын өөрчлөлтүүдийг тусгах санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, хуулийн төслийг ерөнхий агуулгаар дэмжиж байгаагаа илэрхийлээд, манай улс ноос, ноолуураар даавуу хийдэг болчихсон энэ үед эдгээр бүтээгдэхүүнүүдтэй ижил төрлийн материал импортоор орж ирэх үед хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй байх ялгавартай зохицуулалт хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголдоо хийж чадахгүй байгаа учир аль болох дэмжих нь зөв гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлж, үйлдвэрүүдийг хөгжүүлснээр нэмүү өртөг бий болж, татварын бааз суур өргөжиж, ажлын байр нэмэгдэнэ гэлээ. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, хуулийн төслийн зохицуулалтад дотоодод үйлдвэрлэдэг түүхий эд, материал хамаарахгүй гэсэн хариулт өгч, ядуурлыг бууруулахад эрх зүйн энэ зохицуулалт ихээхэн чухал болохыг онцолсон юм.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын анхны хэлэлцүүлгийг хийв
Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн дэмжсэн тогтоолыг дагаж мөрдөх хугацааг хасаж, ердийн журмаар хүчин төгөлдөр болох, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичигт тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нөхцөл байдлыг тусгасан байх, өөрчлөлт хийснээр иргэдэд зориулсан төрийн болон орон нутгийн ажил үйлчилгээний чанар хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх, төслийг боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөлөл болон өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулах, сум дүүргийн хувьд гурван сар, аймгийн хувьд зургаан сарын хугацаанд багтаан иргэдэд мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг зохион байгуулах, аймгийг өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг Засгийн газар, сум, дүүргийг өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал товлон зарлах, саналыг нууцаар авах, өөрчлөлтөд нэг, эсвэл хоёр ба түүнээс олон нэгж хамрагдах тохиолдолд тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонход хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцох зэрэг 22 зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн, дэмжсэн байна. Зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооы хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020 онд батлагдаж, 2021 оноос хүчин төгөлдөр болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж орж ирсэн Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулиар хайгуул, олборлолтод ашиглах газрын лиценз олгох асуудлыг тухайн багийн иргэдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байсныг байхгүй болгосонтой холбоотойгоор МоАХ-ноос газар нутгаа тоолох аян эхлүүлээд байгаа талаар мэдээлээд, үүнээс болоод ашигт малтмалын лицензтэй холбоотой иргэдийн уур бухимдал сүүлийн үед дээд цэгтээ хүрч байгааг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, олон жил иргэдэд үл ойлголцож үүсгэж байсан энэ чухал асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж заасан талаар дурдаад, энэ нь хоёр сум хилийн цэсээ шийдвэрлэх тохиолдолд иргэд хамтран хэлэлцээд, олонхиороо шийдвэрлэхээр тусгаж байгаа эсэхийг тодруулж асуув. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, тухайн хамаарах нутаг дэвсгэрийн иргэд асуудлыг хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэнэ гэсэн хариулт өгөв.
Ингээд Ажлын хэсгээс боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй 22 саналаар нэг бүрчлэн санал хураав. Зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
5 | УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан | Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | 214 тоот |
Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ