Улс төр
УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөлд айлчиллаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ.
Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60 жилийн хугацаанд бий болсон хоёр улсын найрсаг харилцаа, улс төрийн өндөр итгэлцлийг тасралтгүй, идэвхтэй үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Австри Улсын Үндэсний Зөвлөл, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлэгт талархал илэрхийлэв.
Тэрбээр үргэлжлүүлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд улс орноо харилцан сурталчлах, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны түншлэлийг бий болгох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэн хөгжүүлэхийн тулд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын харилцааг эрчимжүүлэх өргөн боломж бий. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулдаг бөгөөд харилцааг улам батжин бэхжүүлэхэд парламентын хоорондын тэр дундаа парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал. Иймд хууль тогтоох байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжтойг дурдав.
Ноён Эва Эрнст-Жиеджич болон Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүд уг саналыг талархалтайгаар хүлээн авч, хоёр орны ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцааг бататгах хоёр талт хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л чиглэлээр өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотолсон юм.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бүх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, сонгогчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад хамтран ажиллахаар улс төрийн намуудын төлөөлөлтэй 2024 оны 05 дугаар сарын 16-нд уулзлаа.
Уулзалтаар сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэл түүний системийн үйл ажиллагаатай танилцах, хөндлөнгийн хяналт хийх, сонгуулийн бэлтгэл ажлын явцыг сайжруулах болон сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг өргөн хүрээнд зохион байгуулах, сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган туршихад хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэл түүний системийн үйл ажиллагаатай танилцахаар намуудын төлөөлөл Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган туршихад ажиглагчаар оролцуулахаас гадна уг системийн эх код (Source Code)-ыг нийтэд нээлттэй байршуулах саналыг зарим намын төлөөлөл гаргасан юм.
Нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр гаргаж буй санал, санаачилга, шаардлагыг дэмжиж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар илэрхийллээ.
Улс төр
Саналын хуудас хоёр хэсэгтэй байна
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.
Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.
Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Улс төр
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ.
“Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүсэн ерөөлөө.
Анхдугаар их хурлын “Хандлагаа өөрчилье” уриа тодорхой хэмжээнд биеллээ олж, улс орон шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртайг төр, засгаас эхлээд бүх нийтээр ойлгон, шинжлэх ухаанд хандах хандлагад томоохон өөрчлөлт гарч байгааг тэмдэглэлээ.
Цаашид хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Төсвийн санхүүжилтийг нь нэмэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, Шинжлэх ухаан, технологийн санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарт Үндэсний баялгийн сангаас хөрөнгө төвлөрүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.
Гадаад бодлогын салшгүй нэг хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын харилцаа, хамтын ажиллагаа юм.
Шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд идэвх зүтгэл, санал, санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ.
Мөн олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, судалгааг эрчимтэй хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хилийн чанадад байгаа эрдэмтэн, судлаачдаа сургалт, судалгааны ажилд зайнаас татан оролцуулах нь чухал байгааг хэллээ.
Эрдэмтэн, судлаачид нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажил хийж байхыг уриаллаа.
Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргасан юм.
Тус их хурлаас гаргасан зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 379 дүгээр тогтоол амжилттай хэрэгжиж байна.
УИХ өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Үүний дүнд Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх олон зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ.
Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж, лабораторийн зориулалт бүхий гурван гол объектыг энэ онд ашиглалтад оруулна.
Нэгдсэн цогцолборыг түшиглэн салбар дундын судалгааны томоохон төвүүд байгуулж, судалгаа-үйлдвэрлэл-инновацын нэгдэл бүхий дэд бүтэц болгон өргөжүүлэн хөгжүүлэх юм.
-
Нийгэм20 цаг өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно
-
Нийгэм24 цаг өмнө
НҮБ-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдтэй уулзлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ
-
Улс төр22 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ
-
Нийгэм21 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
-
Улс төр20 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхийн болзол хангаад байна
-
Нийгэм22 цаг өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийнэ