Нийгэм
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хотын дарга энэ үеэр хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа чөлөөлөх, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага тавьсан. Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан “Сөүл” рестораны удирдлагуудтай уулзаж, дээрх зөрчлийг арилгах шаардлага хүргүүллээ.
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг:
– Танай рестораны газрын зөвшөөрөл барилгын сууриараа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс зөрчлөө даруй арилгаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа буулгах, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан контейнер зэрэг эд хогшлоо яаралтай шилжүүлж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэв.
Түүнчлэн нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Уг байршилд байсан зарим моднууд унасан, алга болсон асуудал бий. Байгалийн жамаараа унасан уу, гадны нөлөөтэй юу гэдгийг судалж байгаа” гэсэн юм. Харин “Паркаа хамтдаа бүтээе” төслийн менежер Б.Золзаяа “Рестораны ойр орчимд байсан хэд хэдэн модыг хөрөөдөж авч байхыг би өөрийн биеэр баталгаажуулсан. Бид анх төслөө эхлэхдээ агаараас мод, бутыг тоолж бүртгэлжүүлсэн. Энэ бүртгэлтэй зөрж байгаа зэрэг бүх баримт мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэдгийг онцолсон юм.
Харин рестораны зүгээс “Сөүл” рестораны оффис менежер П.Батцэцэг “Бидний зүгээс арын зогсоол хэсгээ чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Гол нь манайх үйлчилгээний байгууллага гэдгийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчдийг орж, гарах, зочид унаатай үйлчлүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэлээ.
Уг асуудлыг албаныхан болон төсөл хэрэгжүүлэгч талууд зөвшилцөхөөр тогтлоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.