Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ тус чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, олон улсын төвшний аюулгүй байдлыг хангаж, энх тайвнаар зэрэгцэн оршиход Таны манлайлал чухал гэдгийг талархан илэрхийлж байна. Дэлхийн хэмжээний бэрхшээл сорилтууд буюу цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, хүнс, эрчим хүчний хомсдол зэргийг шийдвэрлэхэд Эрхэм та дэлхийн лидерүүдийг чиглүүлж, идэвхжүүлж байгааг талархан дэмжиж байна. Анх таны удирдлага дор 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2015 онд санаачилж батлуулсан. Ер нь бол тогтвортой хөгжлийг энхтайван оршихгүйгээр төсөөлөхгүй аргагүй юм. Тиймээс тулгамдсан асуудлаа эрэмбэлж, анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн учраас энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонголоо. Монгол Улсын хувьд хөгжлийн олон бэрхшээлтэй тулгарч байна. Ялангуяа монголчууд уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил зэрэгт анхаарал хандуулж, үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаа тавьж байна. Энэхүү асуудлыг мөн тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж байна гэв.
НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Таны удирдлага дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ жилийн чуулга уулзалтад өндөр төвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, өндөр төвшний төлөөлөгчид буюу шийдвэр гаргачид хамтран ажиллаж байж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломж илүү нээгдэнэ. “Бан Ги Мүн” сан, Стэнфордын Их сургууль хамтран улс орнуудын удирдлагуудыг тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалан ажиллаж байна.
Таны чухал зүйлээ эрэмбэлж, энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонгосон санаачлага цагаа олсонд талархаж байна. Яагаад гэвэл тогтвортой хөгжлийн зорилтоосоо бид хоцорч явна. Зорилтынхоо 15-20 хувийг л биелүүлж байна. Тиймээс зорилтдоо бүрэн хүрэхэд бараг 50 жил шаардлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлтийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Уур амьсгалын хямрал тохиоход бусад зорилтууд өртөж, тогтвортой хөгжилд маш том саад болно. Харамсалтай нь улс орнууд үүнд анхаарал хандуулах нь сул байна. Буурай улс орнууд боломж тааруу. Харин хөгжингүй орнууд илүү их харицлага үүрэх шаардлагатай юм. Дараагийн Алтай дамнасан чуулга уулзалтаар энэхүү уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэхийг хүсч байна гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох “Булевиртид” эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.
Гепатитын D вирусний халдварыг эмчлэх “Булевиртид” эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.
Гэвч “Булевиртид” нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ “Булевиртид” эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал,
-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “”Булевиртид”” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.
-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “”Булевиртид”” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
– “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.
-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд
Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Тэрбээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэллээ.
Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ.
“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв.
Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт.
Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Анх 120 салбар нэгжтэй байсан онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
АХЛАХ АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардууллаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 3,400 орчим удаагийн дуудлагад ажиллаж, 2,056 хүний амь нас, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тэрбээр 2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр 16 улсын 3,000 гаруй алба хаагчийн дунд зохиосон 10 км гүйлтийн аварга, улмаар Монгол Улсын батальоны шилдэг ахлагч болж байжээ.
Д.Тэмүүжин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиодог “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д гурван удаа мөнгөн медаль хүртсэн.
2002 оноос улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, 2018 онд гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер болжээ.
Улс төр
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун,
- Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд,
- Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нарыг шагналаа.
Сүхбаатарын одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Түвшингийн Бадрал,
- Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Жавзангийн Цогтоо,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Сэнгээгийн Цогтбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жадамбын Амарсанаа,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дондовцэрэнгийн Ууганбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Шаазангийн Алтанчимэг,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ядамсүрэнгийн Отгончимэг,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Дуламжавын Лувсан,
- Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Сумъяагаравын Цог-Эрдэнэ,
- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Өлзий-Орших,
Цэргийн хүндэт медалиар:
- Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Пүрэвсүрэнгийн Чинзориг,
- Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарсүрэнгийн Батсайхан,
- Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Энхбаярын Энхбат,
- Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Гончигийн Отгонбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Дэмиддагвын Батсүмбэр,
- Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Амарсанаагийн Отгонжаргал,
- Үндэсний аврах бригадын аврагч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Саранчимэг,
- Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Баасангийн Батбаяр,
- Архангай аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Отгонцэрэнгийн Саранцэцэг,
- Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Насанбуянгийн Буян-Эрдэнэ,
- Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Энхбатын Мөнхбаатар,
- Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Лхагвын Нямбадрах,
- Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Нарангийн Эрдэнэбаяр,
- Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Ууган-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн сантехникийн ажилтан Дугарын Сумъяа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
-
Улс төр22 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
-
Улс төр19 цаг өмнө
“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа