Нийгэм
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна

Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.