Нийгэм
Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 10 хувиар хямдрууллаа

“Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдрууллаа.
“МИАТ” ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. 70 хүний суудалтай энэхүү онгоцоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд нэг талдаа 405 мянга байсан бол 365 мянга, хоёр талдаа 810 мянга байсан бол 730 мянга,
Улаанбаатар-Улаангом чиглэлд нэг талдаа 400 мянга байсан бол 360 мянга, хоёр талдаа 800 мянга байсан бол 720 мянга,
Улаанбаатар-Улиастай чиглэлд нэг талдаа 316 мянга 700 байсан бол 286 мянга, хоёр талдаа 633 мянга 400 байсан бол 572 мянга,
Улаанбаатар-Алтай чиглэлд нэг талдаа 366 мянга 500 байсан бол 330 мянга, хоёр талдаа 733 мянга байсан бол 660 мянга болж тус тус хямдарч байна.
Ташрамд дурдахад, орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.