Connect with us

Улс төр

ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.14) хуралдаан 11 цаг 39 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Конвенцын төслийг зөвшилцөв

Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.

Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг нь олон улсын эрүүгийн эрх зүйд хамгийн ноцтой гэмт хэргийн төрөлд тооцогддог. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, гэмт этгээдийг шийтгэх, улс хоорондын эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааг сайжруулах, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх олон талт эрх зүйн баримт бичиг байгуулах ажлыг Монгол Улс 2017 оноос идэвхтэй дэмжиж ирснийг тэмдэглэв. Бельги, Нидерланд, Словени, Аргентин, Сенегал Улсын хамт конвенцын санаачилгыг урагшлуулах зорилготой Үндсэн бүлгийн 7 гишүүн улсын нэгээр ажиллаж байгаа аж. Үндсэн бүлгийн эдгээр гишүүн улсын төлөөлөгч нар төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсын хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг боловсруулж 2019 оноос эхлэн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Ийнхүү 2023 оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд Любляна хотноо болсон Бага хурлаар конвенцын эх бичвэрийг баталсан аж.

Энэхүү конвенц нь “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”, “Төрлөөр устгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц” зэрэг уг салбарт хамаарах олон талт механизмууд байдаг хэдий ч төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг агуулсан анхны баримт бичиг болох юм байна. Энэ хүрээнд уг санаачилгыг өдгөө 80 гаруй улс дэмжиж байгаагаа илэрхийлснийг Б.Батцэцэг сайд танилцуулсан.

Тус конвенцод гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Нидерланд Улсын Гааг хотноо 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 33 улс гарын үсэг зурсан байна.

Монгол Улс Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасны дагуу уг конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж байгаагаа тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Сүүлийн үед гэмт хэргүүд, тэр дундаа мөнгө угаах, санхүү, авлига, албан тушаалын гэмт хэрэг улс дамнан үйлдэгддэг болсон гэдгийг Б.Энхбаяр сайд хэллээ. Бусад улс оронтой эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж буй нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх, нуусан хөрөнгө мөнгийг илрүүлэн, баримтжуулж, ял зэмийг нь оногдуулах Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийн илрэл хэмээн тэрбээр онцоллоо. Манай улс өнөөдрийн байдлаар 24 улстай байгуулсан, хоёр талт 39 гэрээний үндсэн дээр эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа аж. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 улс, зөвлөлийн гишүүн бус 5 орон нэгдсэн байдаг байна. Эдгээрийн дунд Монгол Улсын иргэн олноор зорчдог Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг Б.Энхбаяр сайд хэллээ. Европын зөвлөлийн орнуудаас манай улс 18 улстай нь хоёр талын гэрээ байгуулсан. Зөвшилцөж буй төслийн хүрээнд Европын зөвлөлийн бүх улстай эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх боломжтой болно гэв.

Конвенцод нэгдэх үйл явцын талаар тодруулсан Д.Цогтбаатар гишүүний асуултад ажлын хэсэг хариулахдаа “Нэн тэргүүнд тухайн улс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гарын үсэг зурах, үүний дараа соёрхон батлах бэлтгэл хангах юм. Тус конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд танилцуулж буй шалтгаан нь конвенцыг соёрхон батлахын тулд Монгол Улс Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг холбогдох хуулиудыг нийцүүлэн бэлтгэл хангах шаардлагатай. Үүний тулд Олон улсын гэрээний тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөж байна” гэв. Энэхүү конвенцоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хамтарсан ажиллагаа явуулах гээд олон асуудлыг зохицуулах учраас соёрхон батлахын өмнө бэлтгэл хангах шаардлага бий гэдгийг тайлбарласан. Энэхүү конвенцод төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх зохицуулалт туссаныг ажлын хэсэг мэдээллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Дараа нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэв.

Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байгаа. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа юм. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байдаг байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнесийн болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв. Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болно хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулсан.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, хариулт авав. Төслийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хянан шалгах гэхэд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг шалгах, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг хураах боломж бүрдэх эсэхийг тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд дэлгэрэнгүй хариулт өгсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааг эхлүүлэх үеэр Интерполын “Хөх булант” зар мэдээгээр 70, “Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилж байжээ. 2024 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар буюу “Шувуу” ажиллагаа хэрэгжсэн нэг жилийн хугацаанд Интерполын “Хөх булант” зар мэдээнд зарлагдсан 52, “Улаан булант” зар мэдээнд зарлагдсан 5, нийт 57 этгээдийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоож авч ирсэн 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 4 иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. 2023 оны 03 дугаар сараас хойш гадаад улсад байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тэдний гадаад улсад зорчих, амьдрах боломжийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа аж.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлэв. Энэхүү конвенцыг соёрхон батлахыг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх улс орнуудтай хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангаснаар энэ төрлийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх шаардлагын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад сануулсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Дээрх төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшингээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Өнөөдрийн хуралдаанд Г.Амартүвшин гишүүн ажлын хэсгийн танилцуулгыг танилцууллаа. Ажлын дэд хэсэг 4 удаа, ажлын хэсэг 3 удаа хуралдсан байна. Ажлын хэсгээс уг хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар санал оруулж буйг тэрбээр танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор хуульчилсан боловч Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний үндсэн эрхийг хангах, хамгаалах хүрээнд давж заалдах шатын шүүхийн одоогийн тогтолцоо байрших газрыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагаж мөрдөх хугацааны талаар дараах өөрчлөлтийг тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. 21 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, сум дахь сум дундын 8 шүүх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатын шүүхийг байгуулах зохицуулалтыг ердийн журмаар, аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхийг байгуулах зохицуулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шүүхийг байгуулах зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэх талаарх зохицуулалтыг хуулийн төслөөс хасахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна.

Шүүх байгуулах тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 26 саналын томьёолол ажлын хэсгээс бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргасан. Энэхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь дэмжсэн тул санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Дараа нь “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын энэхүү тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.5 хувь нь “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан.

Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталснаар 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улс соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх үүрэг хүлээдэг. Тэрбээр энэхүү хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Эрүү шүүлтийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протокол, НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хорооноос 2016 онд Монгол Улсад өгсөн зөвлөмж, тус Дэд хорооноос 2017 онд манай улсад хийсэн айлчлал, түүний тайлан, зөвлөмжүүд, НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн Монгол Улсад хийсэн 2022 оны айлчлал, түүний тайлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 54 дүгээр чуулганаар хэлэлцэн баталж, Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжүүд болон НҮБ, олон улсын байгууллагын холбогдох тайлан, зөвлөмжүүдэд нийцүүлэн гаргасан Улсын Их Хурлын 2022 оны 49, 2023 оны 35, 144 дүгээр тогтоолууд болон холбогдох баримт бичгүүдэд үндэслэн боловсруулсан гэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг Улсын Их Хурлаас шинэчлэн батлахдаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний бүрэн эрх, чиг үүрэг, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан юм. Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх” гэдэг заалтын “бүх газар” гэдэгт “…зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги …” гэдэг нэмэлтийг оруулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчин, цэргийн анги нэгтгэлд дүрмийн бусаар харилцах, нэгэндээ хүнлэг бусаар хандах, ялгаварлах, бие мах бодид гэмтэл учруулах, бүр амь нас хохирох асуудал ил, далд гарсаар байгааг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээ хийх үүргийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхэд шинээр тусган, нэмэлт оруулах нь зүйтэй гэв.

Иргэд өөрийн хүслээр явж чадахгүй, эрхээ хязгаарлуулсан газар, мөн цагдаагийн байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг аливаа хэргийн хянан шийдвэрлэх бүхий л шатанд эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй. Иймээс Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн өнөөгийн зохицуулалтаар төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгахыг хориглосон байгаа нь учир дутагдалтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг олон үйлдэл хамрагдалгүй, орхигдсон, хийдэлтэй байгааг зохицуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад эрүү шүүлтээс ангид байхаар, нэр томьёоны хувьд оновчтой болгон, конвенцод нийцүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар холбогдох төслийг боловсруулжээ.

Түүнчлэн хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны гишүүдээс санал авахаар хүргүүлсэн байна. Энэ дагуу ирүүлсэн албан захидалдаа Нэмэлт протоколын 32 дугаар зүйлийн “…орон тоо, нэгж, төсвийн тусдаа байдал, томилох, захиарн зарцуулах эрхийг хангасан байх…”, мөн конвенцын 142 дугаар зүйл “…төсвийг цагариган тойрогт оруулах…” заалтыг хангаж байгааг цохон тэмдэглэсэн аж.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Д.Цогтбаатар гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Инновац, цахим бодлогын байнгын хороо Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
2 Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
3 Эдийн засгийн байнгын хороо “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Үндсэн хууль”
4 Хууль зүйн байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Их засаг”
5 УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
6 УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.30 214 тоот
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
  • “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
  • “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
  • “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
  • Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
  • ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
  • “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
  • ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
  • ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.

Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм26 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад30 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент32 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим