Нийгэм
30 сая төгрөгийн төлөө эгчийгээ хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн санаатайгаар амийг нь хөнөөж, цогцсыг нь байранд нь шатаасан хэрэг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард гарсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.03.01/ гэмт этгээдүүдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагчдыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-нд шүүх хурал нь товлогджээ.
Хэргийг тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байна. Улмаар, мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 20 настай Д.Батхуяг нь 21 настай найз О.Энхбаярын хамт өс хонзонгийн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм.
Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байжээ. Түүний дүү Д.Батхуяг нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.