Нийгэм
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлах авто угаалгын газрыг буулгалаа

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа.
Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байна. Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын талбай болон 3х3 сагсан бөмбөгийн талбай хийж тохижуулахаар төлөвлөсөн” хэмээв.
Түүнчлэн “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгохоор ажиллаж байгаа аж. Мөн гэрэлтүүлгээ гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлнэ. Тэрчлэн энэ жил есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцолж байлаа.
Ташрамд, одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган хүн шигүү байдлаар суух боломжтой байдаг бөгөөд суудал хоорондын зай хэт ойр байдгаас үүдэн хүн саадгүй зорчих боломжгүй байдаг аж. Тэгвэл уг засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд суудал хоорондын зайг олон улсын стандартад нийцүүлэн, цөөлөөд байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.