Нийгэм
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ

ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл зургаадугаар сарын 16-нд тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд засаж, шинэчилсэн замууд энэ онд төлөвлөсөн нийт ажлын 30 хувь нь. Энэ онд Улаанбаатар хотын нийт замын 80 хувийг засаж, шинэчилнэ. Засварын ажилд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа иргэддээ баярлалаа” гэлээ.
Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.