Нийгэм
Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Үүнд:
- Иргэдээс удаа дараа ирүүлж буй өргөдөл, гомдлыг барагдуулах;
- Барилга, байгууламж, шугам сүлжээний төлөвлөлтийг хууль, дүрэм журам, стандартад нийцүүлэх;
- Нийтийн эзэмшлийн зам талбайд тулгасан, замыг эвдэж барилга, байгууламж барьсан барилгын хийцлэлд нөлөөлөхүйц пандус, шат зэргийг буулгах, орчны аюулгүй байдлыг хангуулах;
- Төрийн болон олон нийтийн үйлчилгээний газрын зогсоолыг нэмэгдүүлэх;
Энэхүү чиглэлийн хүрээнд нийслэл дэх барилга, дэд бүтцийн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр Хяналт шалгалтын газрын 34, Хот байгуулалт, хотын стандартын газрын 6, Цагдаагийн удирдах газрын 6, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн 7 улсын ахлах байцаагч, мэргэжилтэн нарын оролцоотой нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр тавдугаар сарын 24-ний өдрийг дуустал иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд дараах байршлуудад ажиллалаа.
Үүнд:
- Барилга байгууламжийн хяналтыг 227,
- ШТС болон авто машин хийгээр цэнэглэх станцуудын орчны аюулгүй байдлын чиглэлээр 152
- Тээврийн товчоодоор нэвтэрч буй ачаа тээврийн хэрэгслийн тээвэрлэлт аюулгүй байдал, постын хяналт, авто зам зэрэг нийт 387 байршил дээр ажиллав.
Дээрх байршлуудад хяналтын Улсын ахлах байцаагчаас мэргэжлийн туслалцаа зөвлөгөө, арга зүйн зөвлөмж өгч илэрсэн 534 зөрчилд НХШГ-аас баталсан шаардах хуудасны дагуу зөрчлийг арилгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Шалгалтын ажлын мэдээний нэгдсэн тайланг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллав.
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хийж буй шалгалтын ажил үргэлжилж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.