Эдийн засаг
PDAC 2019: Монгол Улс зэс, нүүрс, ураны стратегийг тодорхойлох бодлого хэрэгжүүлнэ

Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган болж байна. Энэ жилийн 87 дахь удаагийн PDAC чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалтад уламжлал ёсоор Монгол Улсын геологи, уул уурхайн салбарыг Канад улсад болон олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах төр засаг, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.
PDAC чуулганы эхний өдөр “Монголын нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монгол Улсаас Канад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дэвид Спрул, ”Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцсон юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ “Монгол Улсын засгийн газрыг “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 1 хүнд ногдох үндэсний дундаж орлогыг 10 мянган ам.долларт хүргэх зорилготой. Энэ зорилгод хүргэх чухал түлхүүр бол уул уурхайн салбарын хөгжил бөгөөд Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбар чухал байр суурь эзэлдгийг илэрхийлж буй”-г тодотгов.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал (зэс, нүүрс, уран) тус бүрийн стратегийн нарийвчлан тодорхойлох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн зөвхөн том хэмжээний төсөл (Оюутолгой) гэлтгүй бусад төслүүдийг ч хэрэгжүүлэхэд анхаарч, төр засгийн шийдвэрийг түргэн шуурхай гаргадаг байх талаас Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж байна. Үүний нэг жишээ бол “Степпе голд“ компанийн “Алтан цагаан овоо” төсөл юм” хэмээн илтгэлдээ онцолсон.
Монгол Улсын уул уурхайн салбар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын орчин, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар УУХҮЯ мэдээлэл хийлээ.
PDAC чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалт гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Б.Алигэрмаа (The Mongolian Mining Journal, Торонто хот)

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.