Нийгэм
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна
Зургаадугаар сарын 21-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Туул, Шарын гол, Зэлтэр болон зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Орхон, Хөгшин Орхон, өврийн Богд, Зэгстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 120 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван хүчтэй үерлэж байна.
Маргааш Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см, Алтанбулаг сум орчимд 35 см, Хэрлэн голын эхээр 10-20 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул Хэнтий нуруунаас эхтэй гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
Иймд Төв, Хэнтий, Дорнод аймгаар урсан өнгөрөх гол мөрний сав дагуу суурьшиж буй ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах , голын татам хөвөө болон үерийн аманд бууж суурьшихгүй байх, баталгаатай гарам гүүрээр гарах, хот суурин газрын үерийн ус зайлуулах суваг, хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын далангийн бэлэн байдлыг хангах, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.