Нийгэм
Сэлбэ, Дунд гол дагуу 37.500 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэлээ

НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд зургаадугаар сарын 22-ны өдөр ажилласан.
Энэ үеэр “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт найман аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд 37,500 шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Үүний дараа эргийн хамгаалалтыг бэхжүүлэх, үерийн далангийн засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв.
Мөн ГУББГ-ын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хотын дундуур урсаж буй голууд руу орсон зам талбайн борооны ус зайлуулах системийн гаргалгаа шугам хоолойнууд 10 жилийн өмнө голын үндсэн түвшнээс дээр байрладаг байсан. Харин одоо голын ёроол руу орох хэмжээнд лаг хагшаас хуримтлагдсан байна. Ингэснээр голын түвшин ихсэхээр борооны усыг хүлээн авах бус буцаад зам талбайд ус тогтох эрсдэл үүсгэж байгааг анхааруулсан юм.
Ташрамд, долоодугаар сарын 4-нөөс хойш үргэлжилсэн бороо орж, үерийн эрсдэл дагуулах төлөвтэй гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн.
Иймд Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.