Нийгэм
О.Анхбаяр: Наадамчдын гүүрний усанд автсан хэсэг бидний ажлаа хийхэд зориулсан түр зам бөгөөд нийслэлд ямар ч хохирол учраагүй

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өглөө.
Өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 21, 22-нд орсон борооны улмаас Туул голын усны түвшин огцом нэмэгдэж, тус бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй компанийн түр зам усанд автсан.
“Тотел Инж” ХХК-ийн инженер О.Анхбаяр “Гүүрэн байгууламж барихад түр зам, талбайн орон зай гэх мэт бэлтгэл арга хэмжээг хангах ёстой байдаг. Тухайн усанд автсан хэсэгт бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй, барьж буй гүүр рүү техникээ аваачих түр зам гэж болно. Замын ажил шат дараатай, нарийвчилсан зургийн дагуу үргэлжилдэг. Одоо барьж байгаа гүүрийн ажил дуусахаар усанд автсан хэсгийн ажил үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл усанд автсан хэсэг бол бидний ажлаа хийхэд зориулсан түр зам, ямар ч хохиролгүй. Өнгөрсөн зун орсон бороо, үерийн улмаас тус зам, гүүрийн ажлын хугацаа хойшилж 2023 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Тус зам, гүүрийн ажилтай дулаан, сүлжээ, бохир, цэвэр усан хангамжийн систем гэх мэтчилэн олон ажил хамт хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусах учиртай. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж, 24 цагаар нарийн төлөвлөлттэй ажиллаж байна. Мэдээж үерийн эрсдэлийг тооцолсон” гэв.
Зөвлөх инженер Ч.Намшир “2021 оноос эхлэн Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Дэд бүтэц, хүн ам, стандарт зэрэг бүх зүйлийг уялдуулан тооцоолж зураг төслөө гарган үе шат бүрд хянуулж, олон хувилбарыг дэвшүүлэн зөвшилцсөний үр дүнд зураг төслөө батлуулдаг” гэлээ.
Ташрамд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүний эхлэл нь 17 км зам бүхий шинэ тойрог замын төсөл юм. Уг төслийн хүрээнд долоон том гүүр барина. Өнөөдрийн байдлаар гурван жижиг гүүрийг бариад байна. Эл зам, гүүрэн байгууламж нь хоногт 35-40 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадалтай юм.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм7 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм6 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм4 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ