Нийгэм
Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил наймдугаар сарын эхээр дуусна
Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлж, НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан.
Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн.
Өнөөдөр уг ажлын явцтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад “АПУ” ХК, “Тайгам алтай” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Уран ган” ХХК, “Aqua garden” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, ГУББГ-аас өгсөн зургийн дагуу ажлаа хийж байгаа далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж яг гол урсах гол хэсгээр мод бургасыг авч, лаг хагшаасыг цэвэрлэж байна. Ажил ерөнхийдөө 8 сарын эхээр дуусна. Бидний хувьд өдөр нь лаг хагшаасыг голоос гаргаж бэлдээд шөнөдөө том машинаар заасан цэгүүд рүү зөөж байна. Ажил наймдугаар сарын эхээр дуусна гэдгийг хэлж байсан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Та бүхнийг нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг хийж байгаад талархал илэрхийлье. Бид лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараа далан сувгийг хүчитгэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан байгуулна. Түүнчлэн энэ голууд нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдалтай нягт холбоотой. Тиймээс цаашид энэ чиглэлд ч мөн анхаарна. Та бүхний ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.