Нийгэм
Нэйл Сакер: Монгол Улсын эдийн засаг 2019 онд 8% орчимд өсөхөөр байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр/2019.03.04/ Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.
Ноён Нэйл Сакер Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрбээр, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт зургаан удаагийн үнэлгээг амжилттай хамтран хэлэлцүүлээд байна.
Хөтөлбөрийн зургаадугаар шатны үнэлгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 07-17-ны өдрүүдэд ОУВС-ийн ажлын хэсэгтэй хамтран хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлт эерэг хэвээр байгаа бөгөөд бүх тоон зорилтууд биелсэн байна. Түүнчлэн ОУВС-ийн зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж чадлаа хэмээн дүгнэж байна.
Хөтөлбөрийн үр дүнд 2016 онд 1.2 хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр байна. Мөн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ эрс буурсан гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг уулзалтын эхэнд тэмдэглээд талархал илэрхийлэв.
Тэрбээр, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд бид эдийн засгаа солонгорулах шаардлага үүсээд байна. Өнөөг хүртэл импортын урсгал давамгайлж байсан бол экспортод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэрэгтэй гэлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.