Нийгэм
Эзэнгүй төрийн эмгэнэл буюу Монгол Бразилийн ялгаа

Монгол Улс эзгүйджээ. Улс даяар хариуцлагагүйн зуд нүүрлэж, золиос нь болсон иргэд хэнд хандахаа мэдэхгүй бачимдаж байна. Ойрын хэд хоногт өрнөж буй эмгэнэлт үйл явдлууд үүнийг тод харуулж байна.
Монгол Улс уул уурхай голлосон эдийн засагтай. Төсвийнхөө ихэнхийг бүрдүүлдэг, хөгжлийнхөө хэтийн төлөвлөгөөг энэ салбартай нягт уялдаатайгаар тодорхойсноос харсан ч тэр уул уурхай бол манай хамгийн чухал салбар мөн. Уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам удирдаж чиглүүлдэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам чиг үүргийнхээ дагуу хяналт тавьдаг үүрэгтэй. Үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа гэж итгэдэг. Гэтэл үнэндээ огт эзэнгүй мэт байсныг өнгөрсөн өдрүүд илчиллээ.
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн алтны уурхайд 80 метр өндөр хана нурж, дор нь дөрвөн уурхайчин дарагдаж нас барсан хэрэг өнгөрсөн сарын 28-ны өдөр гарлаа. Осол гарснаас хойш зургаа хоног өнгөрсөн ч аврах ажиллагаа дуусаагүй, Онцгой байдал, Уул уурхайн аврах албаныхан нойр хоолгүй шахам шавар шороотой зууралдаж байна. Дарагдсан уурхайчдын цогцсыг эхнээсээ олж, дуулиант мэдээллүүд ар, араасаа цацагдсаар. Гэтэл салбар хариуцсан яамныхан таг чиг. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ өдрүүдэд Канад улсад Уул уурхай, олборлогчдын холбооноос зохион байгуулсан хуралд оролцож явна. Улс оронд нь, хариуцсан салбарт нь онцгой үйл явдал болоход бусад улс орны сайдууд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Үгүй ядаж олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж, асуудлыг анхаарч байгаагаа илэрхийлдэг жишиг тогтоод удсан. Энэ тал дээр орон зайн ялгаа арилсан гэж хэлж болно. Гэтэл таг чиг. За яах вэ, сайд нь эзгүй, олон нийтийн сүлжээ ашигладаггүй юм гэж бодъё. Дэд сайд нь асуудлын гол дүр болж үлдэж болно оо доо. Гэтэл бас л таг чиг. Үнэнийг хэлэхэд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар хэн, хэн гэдэг хүн ажилладагийг иргэд мэдэхгүй байгаа гэж хэлэхэд болохоор байна. Уг нь дэд сайдын албыг Д.Загджав, Төрийн нарийн бичгийн даргаар нь Г.Нандинжаргал гэдэг хүн хашдаг. “Эко Алтан Заамар”-ын хэрэгтэй холбоотойгоор энэ хэдэн хүний нэр олны анхаарал хамгийн их өртөх ёстой байтал тэгсэнгүй. Яамны албан ёсны цахим хуудаст салбарт гарсан ноцтой ослын талаар нэг ч үг байсангүй. Осол гарсан хоёрдугаар сарын 28-наас хойш зургаан мэдээлэл нийтлэгдсэны гурав нь Д.Сумъяабазар сайдын Канадад хийж буй айлчлалын тухай, гурав нь зарлал байв.
Яамдын удирдлага тус тусдаа ажлаа хийгээд, салбарынхаа төлөө зүтгээд явсан байж болно оо. Гэхдээ, яг ийм үед, гамшиг зовлон тохиолдсон үед л ард түмэн төр засгаа өөрсдийг нь анхаарч байгаа гэж мэдрэхийг хүсдэг юм шүү дээ.
Бразилийн “Vale” корпорацийн салбар уурхайд алт угаадаг хиймэл нуурын далан сэтэрснээс хөрсний нуралт үүсгэж, олон хүний амь нас эрсэдсэн. Манайхаас ялгаатай нь, тэрхүү осолд ажилласан төрийн байгууллагууд тус бүртээ үүргээ гүйцэтгээд, мэдэгдлээ хариуцлагатайгаар хийгээд, хийгээд явчихсан. Уул уурхайн яам нь зөвхөн осол гарсан уурхайг төдийгүй ижил нөхцөл байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн бүх уурхайнх нь үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлаа нягтлахыг үүрэг болгосон. Засгийн газар нь үүрэг өгсний дагуу Төв банк нь “Vale”-ийн эзэмшлийн дансуудыг царцаасан байдаг. Энэ талаар Eagle.mn тухайн цаг үед нь мэдээлж байсан. Дансуудад гурван тэрбум гаруй ам.доллар хадгалагдаж байсан бөгөөд осолд өртсөн хүмүүст хангалттай хэмжээний нөхөн төлбөр гаргуулсны дараа дансуудыг нээхээ зарласан юм. Компани ч амиа алдагсдын гэр бүлийнхэнд эмгэнэлээ илэрхийлж, дахин осол гаргахгүйн тулд уурхай орчмын рөсний усыг зайлуулах шинэ технологийг цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ, энэ ажилдаа 400 сая ам.доллар зарцуулна гэж амалсан талаар “Файнэншл таймс” мэдээлсэн. Гэх мэтээр осолтой холбогдож ажилласан байгууллага бүр чиг үүргийнхээ дагуу ажиллаад тогтоосноо шууд зарлан мэдээлж байсан.
Харин манайд Прокурор зөвшөөрөөгүй бол тусгай чиг үүргийн байгууллага ч ажлаа танилцуулах эрхгүй байдаг нь хачин, хачин гэхээсээ илүү эмгэнэлтэй, гажиг. Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Ослын шалтгааныг тогтоосон” гэсэн ч “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй, Прокурор энэ хэмжээнд ярь гэвэл ярина” гэж хэлсэн байх юм. Ослын шалтгааныг тогтоох эрх бүхий байгууллага нь Мэргэжлийн хяналт. Прокурор шалгалаа гээд ослын шалтгаан өөрчлөгдөхгүй. Тиймээс шууд зарлах ёстой байтал зарласангүй нь тогтолцоонд гажуудал байгааг илтгэж байна.
Бразилийн ослоор 186 хүн нас барж, 150 орчим хүн одоо болтол сураггүй алга болсонд тооцогдож байна. Хүн амын тоонд харьцуулбал “Эко Алтан Заамар”-т гарсан осол /Бразил 213 сая хүн амтай/ “Vale”-ийн осолтой дүйнэ. Арай хожуу буюу уржигдар “Vale”-ийн Ерөнхий захирал Фабио Шварцман тэргүүтэй 13 удирдах албан тушаалтан нь хүсэлтээрээ огцорч байгаагаа зарлалаа. Захидалдаа “Ослын хохирогч болсон иргэдийн ар гэрийнхий өмнө хариуцлага хүлээж байгаа” гэдгээ онцлон дурдсан байна лээ. Шороо шиг олон хүн амтай, ядуус, гэмт хэрэгтнүүд олонтой гэгддэг Бразилд төр, аж ахуйн нэгж нь иргэнээ ингэж хүндэлж, үнэлж харьцаж байхад “Цөөхүүлээ” гэж ярих дуртай Монголын төр шороонд даруулсан хөөрхий иргэдийнхээ төлөө ган гэж дуугарсангүй.
Мэргэжлийн хяналтынхан ижил төстэй өөр уурхай байгаа эсэхийг яаралтай шалгалтаар яван тогтоож, салбарын сайд нь эмгэнэл илэрхийлээд, хохирогчдод өгөх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоон зарлаж, хууль хяналтын байгууллага буруутай этгээдүүдэд харицлага тооцохоо амлаад, хариуцдлага алдсан компани нь буруугаа хүлээгээд…. эмгэнэлт ослын дараах үйл явдал ингэж өрнөсөн бол иргэдийн сэтгэлзүй хэчнээн өег байх байсан бол..

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.