Нийгэм
“Урт цагаан”-ы талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт хийж эхэллээ

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан.
Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, “Бодь пропертийз” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан гарагт гэрээгээ байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ондоо газар доорх зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ирэх хавраас цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусгана гэв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хотын төвийн нягтаршил ихтэй бүс учраас бүтээн байгуулалтын ажил хийхдээ замын хөдөлгөөнд саад учруулахгүй аюулгүй байдлыг сайтар хангаж, чанартай бүтээн байгуулалт хийх нь чухал” гэдгийг онцолж байв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.