Улс төр
Г.ЖАРГАЛСАЙХАН: Хэн ч “3асаг дарга аа” хэмээн ярьдаггүй, юу ч гуйдаггүй, үүдэнд минь нулимсаа арчаад зогсдоггүй” тийм цагийн төлөө манай баг, хамт олон ажиллаж байна

“Би хүүхдээ 14 эсвэл 84 дүгээр сургуулийн аль нэгэнд оруулмаар байна”, “Байрны гэрчилгээнд асуудал гараад Улсын бүртгэлийн хэлтэст хандсан чинь хариу нь ажлын гурав хоногт гарна гээд байх юм. Гялс хариуг нь гаргуулаад өгөөч, гуйж байна. “Ажилд хүн оруулах гэсэн юм, туслаач”, “Зуслангийн газартай болох санаатай”, “Мөнгөн тусламж үзүүлэх арга байна уу” энэ бол аймаг, нийслэл, хорооны Засаг дарга нарын утсанд өдөр бүр шахам ирдэг гуйлт бүхий дуудлагуудын нэгээхэн хэсэг. “Танд ийм гуйлт хэр их ирдэг вэ” гэх асуултад БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан тэрүүхэндээ мушийснаа “БЗД-ийнхний өмөг түшиг нь Засаг дарга болоод түүний багийнхан. Ядарсныг тэтгэж, өвгөд хөгшид, хүүхэд багачуудаа элгэндээ наах нь төрийн үүрэг. Угтаа Засаг дарга бол иргэдэд хэрэгтэй хүн биш. Шулуухан хэлэхэд би “ Хэнд ч хэрэггүй Засаг дарга болмоор байна. Тийм цаг айсуй” хэмээсэн. Олон албан тушаалтантай уулзаж байсан ч ийн хэлэх нөхөртэй тааралдаж байгаагүй болохоор хэдийнэ “Айн” гэх нь тэр. Мань хүний өгсөн тайлбараар “Төрийн үйлчилгээ ямар нэг албан тушаалтан, танил талын нөмөр нөөлөг, туслалцаагүйгээр жамаараа урсдаг байх ёстой. Хүний амьдрал баян. Юу ч тохиолдож болно.Төрд хандах шаардлага гарах аваас шат шатны албан тушаалтанд хүсэлтээ гаргалаа, дор нь шийдээд өгдөг байх ёстой. Заавал Засаг даргад хандах хэрэггүй. Хүсэлтээ цахимаар шидлээ, хуулийн дагуу асуудал шийдэгдлээ. Ийм тогтолцоо руу шилжихийн төлөө ажиллаж байна. XXI зууны иргэд ийм орчинд аж төрөх ёстой биз дээ. Ийм цаг ирнэ ээ, та харж байгаарай” хэмээсэн шүү.
Энэ хамт олны туршлагыг бусдад түгээх үүднээс уулзаж, ярилцсанаа уншигч тантай хуваалцахыг илүүд үзлээ. Тэрбээр дүүргийн Засаг даргаар томилогдоод удаагүй ч гурван жил орлогчоор ажиллаж, шийдвэр гаргах түвшинд өөрийн оюун бодлоо уралдуулж явсан болоод тэр үү, ажил нь хэдийнэ гарт нь орсон болохыг уншигч та анзаарах нь дамжиггүй.
Уучлаарай, ажлын тань цаг завыг асуулгүйгээр ирсэнд. Ажил үүргийн хуваарь ёсоор та өнөөдөр иргэдтэйгээ уулздаг юм байна.
Намрын сар дундаа орж, 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлсэн болохоор өрөөндөө суухаас илүүтэй газар дээр нь ажиллахыг чухалчилж сууна. Цаг алдалгүй шийдвэл зохих асуудал олон байна. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, дэд бүтэцтэй холбоотой олон асуудлыг хүйтрэхээс өмнө шийдэх ёстой. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, өргөтгөл, зам талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, үерийн далан, гэрэлтүүлэг, газар чөлөөлөлт гээд. Ер нь л баянзүрхчүүд, дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, хороо, хэсэг гээд манай багийнхан амсхийх завгүй ажиллаж байна. Монголчууд “чөмгөө дундартал зүтгэх” гэж ярьдаг даа. Тэр л маягаар манай баг, хамт олон хагас бүтэн сайн өдөр, баяр ёслолын өдрүүдийг эс тоон ажиллалаа, энэ дөрвөн жилд. Дашрамд,“Монголын мэдээ” сониноор дамжуулан баг, хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлэх байна. Засаг дарга ганцаараа зүтгээд юу ч хийж чадахгүй шүү дээ. Баг хамт олон, баянзүрхчүүд маань дэмжиж ажилласан учраас, бид эв нэгдэлтэйгээр гар гараасаа хөтлөлцөн, харилцан бие биедээ итгэсэн тул ийм их ажлын ард хамтдаа гарч чадсан хэрэг. Одоо өвөлжилтийн бэлтгэл хангах ажил хаяанд тулчихлаа. Өнөөдрийн тухайд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Улиастай, 14 дүгээр хороо, шинээр байгуулагдсан 42 дугаар хороо буюу иргэдийн хэлж заншсанаар “Мангасын ам”, “Нарантуул” захын хойд хэсэгт ажиллаад сая орж ирлээ. Эдгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт ид хийгдэж, шинээр барилга байгууламж баригдаж байгаа учраас нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай нь уулзаж, ярилцлаа. Үр дүнд нь хэд хэдэн асуудал газар дээрээ шийдэгдлээ. Мөн хэзээ мөдгүй улсын комисст хүлээлгэж өгөх учиртай сургууль, цэцэрлэгийн барилгын гадна талбайн тохижилт, техник тоног төхөөрөмжийн хангалт чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгалаа. Бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн авч явах зүйл бол иргэдийн эрүүл-аюулгүй орчинд амьдрах явдал. Үүнтэй холбоотой хэд хэдэн гомдол ирснийг газар дээр нь шийдвэрлэв. Болж бүтэж байгаа нь ч байна, бухимдуулах нь ч байна. Түүнчлэн авсан ажлаа цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэж байгаа аж ахуйн нэгжүүддээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэдэнд урам өгөх хэрэгтэй шүү дээ. Төгсгөлд нь хэлэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд иргэдээ хүлээн авч уулзах өдрийн үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс дүүргийн бүхий л албан тушаалтнуудын хамт уулздаг болсон. Би ганцаараа сонсох нэг хэрэг, асуудлыг шийдэх ёстой албан тушаалтнуудтай хамтдаа сонсвол шийдэж болохуйц асуудлууд тэр даруйдаа шийдэгдэх боломж бүрдэж байгаа юм.
-Засаг даргаар томилогдоод удаагүй байна. Орлогчоор дөрвөн жил ажилласан болохоор цаг алдах зүйл танд гарсангүй. Гэхдээ орлогч байх засаглах хоёрт ялгаа байх юм уу?
Их сонин асуулт байна. Бид нэг баг. Баянмөнх, Жаргалсайхан хоёр ажлаа өгч авалцсанаас бусдаар өөрчлөгдсөн зүйл үгүй, Баянзүрх дүүргийн хувьд. Баг хамт олон маань дор бүрнээ ажлаа хийж буй. Гурван жил зургаан сар Засаг даргын орлогчоор ажиллаж, бодлогын түвшинд санаа оноогоо ярьж, байр сууриа илэрхийлэн хамтдаа зүтгэж явсан болохоор дүүргийнхээ ажил руу ханцуй шамлан орсон гэж хэлж болно. Цаг хугацаа бага байна шүү дээ. Ер нь дүүргийн ажил бол нэг хүний ажил ерөөсөө биш. Багийн ажил. Тодруулж хэлэхэд, өнгөн талаасаа дүүргийн Засаг даргын албан тушаал нэг хүнийх мэт харагддаг ч ард нь бүхэл бүтэн баг ажиллаж байдаг юм. Төрийн албан хаагчид, засаглалын хэвтээ, босоо тогтолцоо, газар, хэлтэс, албад. Дээр нь хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөл гээд цогцоор ажилладаг махенизм. Гагцхүү миний хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний багийнхан 2020-2024 онд хэрхэн ажилласан бэ гэдгээ иргэддээ тайлагнах, мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүнгээ тавиулах тэр мөчид ажил хүлээж авсан. Тодруулж хэлбэл, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил буюу 16 улирал. Гэтэл би 15 улирал нь дууссан, ганцхан улирал үлдээд байхад ажил хүлээж авсан. Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Хугацаа хэдий богино ч 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан санаачилсан, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа үр дүнтэй, гүйцэтгэл сайтай дуусгахыг чухалчилсан. Дээр нь мөрийн хөтөлбөрийн биелэлт, иргэдийн саналд тулгуурлан санаж, сэдэж эхлүүлсэн ажлууд дээрээ илүү анхаарч, төвлөрч ажиллахыг хичээж явна. Засаг дарга бодлогоо удирдлагын багтаа танилцуулж, шийдвэр гарган дэмжиж ажилладаг. Тиймээс миний хувьд орлогчоор ажиллах, засаглах хоёрт ялгаа байдаг юм байна шүү гэж хэлэхгүй. Харин цаг алдсан байна шүү гэх асуудал орон сууц бүхий хороолол дээр ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг жишиг болгох, тэнд амьдарч буй иргэдийн тав тухыг хэвээр хадгалж үлдэх, эрүүл- аюулгүй нөхцөлд амьдрах боломжийг нь хангах үүднээс хөрөнгө оруулалтын тодорхой хувийг төсөвлөсөн атлаа орон сууц бүхий хорооллын бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн асуудлыг орхигдуулсан байх жишээний. Иймд дахин төлөвлөлт болоод орон сууц бүхий хороололд оршин сууж буй иргэдийн эрх ашгийг зэрэгцүүлж авч явах ёстой юм байна шүү, алдаагаа яаж богино хугацаанд засах вэ гэж бодож сууна.
Танай дүүрэгт үе үе чихийг тань “халууцуулдаг” байж мэдэх хэд хэдэн зах бий. Хөрс бохирдуулдаг болохоор “Хотоос гарга” энэ тэр гээд хүмүүс ч ад үздэг болов уу. Харин дүүрэг ямар байр суурьтай байдаг вэ?
Баянзүрх дүүргийн нэг онцлог нь зах худалдааны төв ихтэй учраас түүнийг дагаад ажлын байрны асуудал хөндөгддөг. Бидний хувьд Арилжааны дүүрэг болох сонирхолтой. Бодлого төлөвлөлтдөө ч тусгаж өгсөн. “Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн зураглал” гэж гарсан. Арилжааны дүүрэг болох зорилтод шөнийн 24 цагийн Арилжааны гудамжтай болох тухай асуудал гол байр суурийг эзэлж байгаа. Таны хэлсэнчлэн Шар хадны техникийн зах, Өгөөмөр, Нарантуулын хойд хэсэг буюу “мангасын ам” гэх газрууд үе үе чих халууцуулдаг л юм. Шархадны техникийн захыг жишээ болгон авч үзэхэд хоёр талтай. Сайн нь мэдээж ажлын байр. Тэнд олон зуун хүн ажиллаж, тэр хэрээр ажлын байр бий болдог. Муу тал гэвэл хөрсний бохирдол. Хүн амын хэт төвлөрөл, түүнийг дагасан замын түгжрэл. Нүүрэн талын гудамжны иргэд амины хашаагаа засварын газруудад худалдсан эс бөгөөс түрээслэснээр стандарт шаардлагад нийцэхгүй автомашины засвар үйлчилгээний газрууд бий болж, хөрсны бохирдол, түгжрэл үүсэх гол нөхцөл болсон. Мөн автомашин худалддаг жижиг газрууд үүдээ нээсэн. Дөрвөн жилийн өмнөх Шархад өнөөдөр маш өөр болсныг уншигчид сайн мэднэ. Улаанбаатар хотоос зүүн тийш гардаг уулын замыг эс тооцвол ганцхан магистрал төв замтай байв. Дүнжингарав, Нарны зам, Доржийн зам, Энхтайваны өргөн чөлөөний урсгал бүгд нийлээд Улиастайн гүүр, Туулын гүүрээр зүүн тийшээ гарна. Улиастайн гол, Шархадны чиглэлд шинээр гүүр барьж ашиглалтад оруулснаар энэ урсгал хоёр хуваагдаж, зүүн чиглэлээс орж ирж буй тээврийн хэрэгсэл Шархадны замыг сонгож зорчдог болсноор төв замын ачаалал эрс багассан. Яг үнэндээ техникийн захын үйл ажиллагаа хэвийн байгаа ч зах тойрсон асуудал биднийг зовоосоор байгааг нуух юун. Асуудлыг шийдэх нь бидний үүрэг. Нийслэл томоохон зах, худалдааны төвийг хотоос гаргах бодлого баримталж буй. Баянзүрх бол нийслэлийн нэг дүүрэг.Тиймээс Баянзүрх дүүрэг нийслэлийн бодлогод нийцүүлж шийдвэрээ гаргах учиртай.
-Баянзүрх дүүрэг хүн амын амынхаа тоогоор зургаан дүүрэг дотроо толгой цохиж буй. Тэр хэрээр иргэдэд төрийн үйлчилгээг авах асуудал хүнд байсан. Саяхныг хүртэл энэ бор шаргал байшин / ЗДТГ/ иргэдийн хөлд дарагдсан газар байсныг санаж байна. Харин одоо ажин түжин болжээ. Асуудлыг шийдсэн туршлагаа хуваалцана уу?
Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжээр дамжуулан иргэдэд хүргэх нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүрэг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цахим системийг нэвтрүүлсэн анхны дүүрэг нь манайх. Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд дүүрэг дээр өдрийн талыг бардаг байсан. Ялангуяа, Улсын бүртгэлийн үйлчилгээ, газрын харилцаатай холбоотой асуудлаар яваа бол өнжинө. Үүнийг задлах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зөвхөн дүүргийн тамгын газраас авах үйлчилгээг 5-6 хэсэгт хувааж, бүх хороонд киоск машин байршуулж шийдсэн. Үр дүнд нь манай дүүргийн иргэд төрийн 49 нэр төрлийн үйлчилгээг хорооноосоо авах боломж бүрдсэн. Манайх 43 хороотой. “Цахим монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг Нийслэлийн дүүргүүд гэлтгүй хөдөө, орон нутгаас ирж судлах болсон. Эл амжилтдаа бид баяртай байгаа.
Танай хамт олонд баяр хүргэе. Танаар хэлүүлэхгүйгээр миний сонссон зүйл бол Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэгтэй болгох асуудлыг ажил хэрэг болгосон явдал. Энэ ч бас амжилт шүү?
Урам хайрласанд баярлалаа. Асуултад хариулахын өмнө өгөх тайлбар байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг 1992 онд хувьчилсан байдаг.Тэр үеэс л өнөөдрийг хүртэл нэгдсэн эмнэлэггүй явж ирсэн. Хүн ам ихтэй, том дүүргийн хувьд өөрийн гэх эмнэлэгтэй байх ёстой. Нэгдсэн эмнэлэггүйн зовлонг бид 2020 оны ковидын үеэр амссан. Тиймээс асуудлыг Засгийн газарт тавьж, Засгийн газрын ээлжит хуралдаанд хоёр ч удаа оруулсан. Ерөнхий сайд “Газрынхаа асуудлыг шийд” гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэргэд гурван га талбайд газар чөлөөлөлт хийж, зураг төсөл нь хийгдэж дууссан. Одоо төсөвт суулгах л үлдсэн. Ямартай ч 2025 онд эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ онд эхлүүлж болох байсан ч Амгалан ДЦС-ын өргөтгөл хийгдэж гэмээнэ дэд бүтэц шийдэгдэх учиртай. Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэггүй ч иргэдийнхээ эрүүл- аюулгүй орчинд аж төрөх асуудлыг ямагт тэргүүн зэрэгт авч үзсээр ирсэн. Өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү чухал. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийг тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулж, Дарь-Эхэд 50 ортой эмнэлэг, наймдугаар хороонд 200 ортой Ахмад-хүүхдийн эмнэлгийг тус тус ашиглалтад орууллаа. Мөн 16 дугаар хорооны өрхийн Эрүүл мэндийн төв бие даан тусдаа гарч жишиг өрхийн Эрүүл мэндийн төв болсон. Гачууртын шинэ эмнэлгийн барилгын ажил 50 хувьтай явж байна. Дүгнэж хэлэхэд, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулахын тулд дүүргийн хэмжээнд өрхийн Эрүүл мэндийн төв 28 байсныг 43 болгож нэмсэн сайхан мэдээг дуулгая.
Ахмад-хүүхдийн Эрүүл мэндийн төв гэж сонсч байсангүй. Ийм цогц үйлчилгээг бий болгосон туршлагаасаа хэлж өгнө үү?
Дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд юуны учир эрүүл мэндийн салбарт ач холбогдол өгч ажиллав гэхээр хамгийн хүндрэлтэй явж ирсэн нь энэ салбар. Хоёрдугаарт, Ардчилсан нам 2016-2020 оны сонгуульд орохдоо тамгын газрын энэ барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно хэмээн зарласан байдаг. Энэ барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй. Стандарт шаардлагад ч нийцэхгүй. Зөвхөн оноо авах гэсэн улс төрийн шоу байсан.Тиймээс эрүүл мэндийн салбарыг бага боловч цэгцлэхийн тулд Ахмад-хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг төсөвт суулган эрчимтэй хөөцөлдсөн. Баянзүрх дүүргийн хүн ам, газар нутгийн тэлэлт жилээс жилд нэмэгдэх нь тодорхой. Ганцхан жишээ авахад, 2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн тоо 400-гаар нэмэгдсэн байх жишээний. Энэ мэтчилэн хүн амын өсөлт нэмэгдэх тул манай дүүрэгт Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв болоод бусад эрүүл мэндийн газрыг нэмж барих шаардлага тулгарч байна.
Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн кабинеттэй нэгдсэн эмнэлэг хоёр бий. Баянзүрх дүүрэг анх удаа эрэгтэйчүүдийн кабинеттай болсон байна?
Монгол Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 орчим жилээр бага гэсэн судалгаа байдаг. Энэ бол шат шатандаа анхаарах ёстой статистик үзүүлэлт. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 10 дугаар төв дээр эрэгтэйчүүдийн кабинет байгуулж, ашиглалтад оруулсан. Монгол эрчүүд өвчнөө хугацаа алдсан хойно нь үзүүлдэг. Тиймээс бид хийх ёстой, чадах зүйлээ л хийсэн.
Баянзүрх боловсон хүчний чадавхиар хэр дүүрэг вэ?
Төрийн байгууллагын аль ч салбарт боловсон хүчний асуудал хүнд байгаа. Өмнө нь боловсон хүчний дутагдалд орж байгаагүй салбар хүртэл өнөөдөр энэ асуудалтай нүүр тулж байна. Төр бодлогоор төрийн албан хаагчдыг дэмжих хэрэгтэй. Гэхдээ төрийн босго өндөр байх ёстой. Сүүлийн жилүүдэд улс төрийн намууд иргэдээс оноо авахын тулд популист амлалт өгч элдэв янзын мэдэгдлүүд хийх болсноор төрийн албыг сулруулах, шинэ залуу боловсон хүчнүүд ажил мэргэжилдээ дургүй болох, зарим тохиолдолд мэргэжлийн хүмүүсийг намын харъяаллаар түлхэх байдал газар авсан. Ийм байж болохгүй гэж би хувьдаа боддог. Төрийн ажил залгамж чанараа алдалгүйгээр үргэлжлэх учиртай.
Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байна. Жилийн жилд яригддаг гурван ээлжээр хичээллэдэг байдал, цэцэрлэггүйн улмаас гэртээ цоожтой үлддэг асуудалд ахиц гарав уу?
Баянзүрх дүүргийн хувьд амжилттай шийдэж ирсэн асуудлуудын нэг нь боловсрол. Сүүлийн дөрвөн жилд дөрвөн сургууль, хоёр өргөтгөл нэмж ашиглалтад орууллаа. Тодруулбал, нийслэлийн 44, 84 дүгээр сургуулийн барилгыг тус тус өргөтгөсөн. Цэцэрлэгийн тухайд шинээр 14 цэцэрлэг үүдээ нээсэн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй” гэдэг зоримог хөтөлбөрийн үр дүнд 200 тэрбум төгрөгийг төсөвлөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох байр объектийг худалдаж авах ажил давхар хийгдсэн. Үүний үр дүнд цэцэрлэгийн хамрагдалт 2020 онд 78 хувьтай байсан бол өнөөдөр 98 болсон. Энэ хувь бол цэцэрлэгт явах хүсэлт гаргасан хүүхэд бүрийг бүртгэж, хүсэлтийг нь зөвшөөрсөн гэсэн үг. Сургуулийн анги дүүргэлт 115 хувь байсныг 108 хувь болгож бууруулсан. Цаашид сургууль, цэцэрлэгийг спорт заалтай болгох 33 төсөл арга хэмжээг дүүрэг хэрэгжүүлж буй. Энэ ажлууд хийгдсэнээр хүүхдийн сурах орчин ая тухтай болно гэдэг өөдрөг төсөөлөлтэй яваа.
2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” хэмээн зарласны үр дүн ийм амжилтад хүрсэн байж мэднэ. Хөдөлмөр зусланг сэргээж, үдийн цайнд ахлах ангийнхныг хамруулсан сайхан мэдээ дуулдсан ?
Дүүргийн Засаг даргын санаачилгаар Баянзүрх дүүрэгт өсч торниж буй хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсрох нөхцөлд дүгнэлт хийн сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлтүүдийг эмхтгэсэн. 2021, 2022, 2023 оны тоон үзүүлэлт дээр тулгуурлан мэргэжлийн байгууллагуудаар үнэлэлт дүгнэлт гаргуулж, анхаарал татах асуудлуудыг нь барьж авсан. Нуулгүй хэлэхэд, 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байсан тул бусад асуудлыг хойш тавьсан. Манай дүүрэг сургуулийн насны 100 мянга гаруй хүүхэдтэй. Энэ хүрээнд, гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах Түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж, олон улсын байгууллагуудтай хамтран байнгын үйл ажиллагаатай болгосон. Түүнчлэн Нийслэл, НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн байгууллагын сантай хамтран хоол хүнсний дутагдалтай хүүхдүүдийн судалгаа хийхэд Баянзүрх дүүрэгт хоол тэжээлийн дутагдалтай 103 хүүхэд байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол 2023 оны байдал шүү. Ийм зүйл байх ёсгүй гэдэг байр сууриас асуудалд хандаж, Хөдөлмөр зуслан ажиллуулан хүүхдүүдийг уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээгээр хангаж, хөдөлгөөн, сэтгэл заслын эмчилгээнд хамруулсан. Үр дүнгээ маш сайн өгсөн тул цаашид ч хөдөлмөр зуслангаа түшиглэн монгол ахуй, хөдөлмөрт сургах тал дээр түлхүү анхаарч ажиллана. Үдийн цайны тухайд нилээд анхаарал тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа жишиг сургуулиудын сайн туршлагыг дүүрэгтээ нэвтрүүлсэн. Одоогоор бага ангийн хүүхдүүдэд өгч байгаа Үдийн цай хөтөлбөрийг дунд, ахлах ангийнханд цаашлаад хүүхэд бүрийг хамруулна. Мөн ”Сүү” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Дүүргийн төсвөөс санхүүжиж буй сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төрийн өмчийн бүх сургуулиудад хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Нийгмийн эмзэг бүлэгт хүрч үйлчлэхийн тулд та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ. Бүтээн байгуулалт чухал хэдий иргэний асуудал түүнээс илүү шүү дээ?
Бид ч ийм бодлого баримталж буй. Баянзүрх дүүрэг 2023 онд хүний хөгжил рүү анхаарал хандуулж, “Хүний хөгжлийг дэмжих жил” гэж зарлан олон ажил хийсэн. Улиастай, Шархад, Халдвартын эцэс “мангасын ам”, Сансарын тунел зэрэг газарт газар газрын орон гэргүй, архины хамааралтай гэж нэрлэгддэг хүмүүс цуглардаг. Тэр хавиар иргэд зорчихоос айдаг байсан.Тиймээс эдгээр байршлын орчин нөхцлийг сайжруулах хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэж өгснөөр иргэд аюулгүй орчинд зорчих нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, монгол хүний үнэлэмж гэдэг зүйлийг өргөхийг хичээсэн. Энэ хүрээнд “Сэргэлт 79” төслийг хэрэгжүүлсэн. Анх 79 иргэн хамрагдсан учраас төслөө ийн нэрлэн тэдэнд эрүүл мэнд, сэтгэл заслын эмчилгээ хийсэн. Сайшаалтай нь архины хамааралтай олон жил явсан 10 хүн шинэ амьдралд хөл тавьж, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Оюутолгой, барилгын салбарт амжилттай ажиллаж буй. Орон гэртэй ч болсон хүн бий.
Газар олголт ямагт асуудал дагуулдаг?
УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулж, манай баг ажил хүлээж авахад зөвхөн газрын асуудлаар 20 мянга гаруй иргэн өргөдөл ирүүлсэн байсан. Тэдний дийлэнх нь амьдарч буй газраа өмчлөх сонирхолтойгоо илэрхийлж, үлдсэн цөөн хувь нь утаа, түгжрэлд нэрвэгдсэн Улаанбаатараас гарч амьдрах хүсэлтэйгээ дурдсан байв. Бид “Газрын маргаангүй дүүрэг“ болох гэдэг зорилт дэвшүүлсэн ч харамсалтай нь энэ зорилт маань ойрын хэдэн жилд биелэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Баянзүрх дүүрэг маш богино хугацаанд газартай холбоотой асуудлаа цахимжуулсан. Энэ бол том амжилт. Үр дүнд нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн манай дүүрэгт газартай болох хүсэлтээ ирүүлж болно. Нөхцөл нь бүрдсэн. Ийм төрлийн хүсэлт өдөр өдрөөр нэмэгдэж, тэр хэрээр шийдэхийг хичээж ажилласан. Газар дагасан хамгийн чухал зүйл бол дэд бүтэц, амьдрах орчны аюулгүй байдал. Эдгээрийг шийдэх төсөв хөрөнгө бидэнд хангалттай бус байгааг нуугаад яах вэ. Дашрамд өгүүлэхэд, 2023 онд Газар зохион байгуулалтын хууль шинэчлэгдэж, 2024 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөгдөж эхэлснийг иргэд маань мэдэж байгаа байх. Шинэ хууль батлагдсантай холбогдож дүүрэг, орон нутагт 0.7 га газрыг олгох асуудал бүрэн зогссон. Ер нь дэд бүтцийн асуудлаа шийдэж байж газар олгохгүй бол яндангийн тоо буурахгүй шүү дээ.
Баянзүрх дүүрэгт байгалийн үзэсгэлэнт газрууд цөөнгүй. Туул голын сав газрыг аялал жуулчлалын бүс болгож байна уу даа гэмээр бүтээн байгуулалтууд хийгдэж байна лээ?
Хот орчмын аялал жуулчлалыг ногоон байгууламжаа түшиглэн хөгжүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна. Зорилгоо болгосон ч гэж хэлж болно. Ийм бодлого, шийдвэр хэрхэн гарсан бэ гэхээр манай Гачуурт тосгон бол байгалийн өвөрмөц тогтоцтой сайхан газар. Энэхүү тогтоц бүхий газраа түшиглэн зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлье хэмээн “Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030”-д тусгасан. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр болсон. Горхи Тэрэлжийн уулс бол Хэнтий нурууны салбар уулсын төгсгөл. Тиймээс төслийн нэгээхэн хэсэгт Баянзүрх дүүрэг багтах болов уу гэж харж байгаа. Хоёрдугаарт, хот орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ ногоон байгууламжуудаа түшиглэх нь зөв гэж үзсэн. Тухайлбал, Дарь-Эхийн хогийн цэгийг цэвэрлэн тохижуулсан нь иргэдэд маш их таалагдаж буй. Зайсан-2 буюу Дарь-эх цогцолбор хэмээн нэрлэх болсон байна лээ. Нийт 50 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулж, орчин үеийн шийдэл бүрийг шингээсэн томоохон бүтээн байгуулалт тэнд сүндэрлэсэн. Нөгөөтэйгүүр, Баянзүрх дүүрэг-Налайх хоёрыг холбосон хагас хурдны замын хажуугаар хоол хүнс, жимс самар зардаг хүмүүс байдгийг та бүхэн мэднэ. Тэд замын осолд өртөх нь бий. Жолооч нар ч зогсох ёсгүй газар зогсч худалдан авалт хийдэг. Туул голын эрэг ч ялгаагүй. Иймд “Адам, Ева”-тай хөшөө бүхий газарт худалдаа үйлчилгээтэй экстрэм спортын талбай бүхий цогцолбор барихаар төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр зүүн чиглэл рүү зорчиж байгаа иргэд, автомашины зам дээр зогсч үйлчлүүлэх биш зориулалтын зогсоол дээр машинаа байршуулаад үйлчилгээ авах, амрах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн энэ хавийн газар нутгийг хамгаалж авч үлдэх, хөрсний бохирдлоос хамгаалах нь бидний үүрэг. Тиймээс бохирын асуудлыг нь Налайхын нэгдсэн бохирын шугам руу холбож шийднэ. Хужирбулан-Улиастайн замын эсрэг талд ундны усны хамгаалалтын 300 га газарт газар олгох зөвшөөрөл өгсөн байсныг цуцалж уг газарт 80-90 хувийн ногоон байгууламж бүхий олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа.
Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн дөрвөн жилд огцом нэмэгдсэн байна лээ. Энэ нь Засаг даргын хичээл зүтгэл үү эсвэл?
Мэдээж бүхий л хөрөнгө оруулалт шаардсан ажлууд төсөвтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь төрийн шат шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайн явж ирсний үр дүн гэдгийг энд онцлох байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, нийслэл, дүүргийн түвшинд нэг бодлого үйлчилж, асуудлаа зөв эрэмбэлж чадсаны үр дүн. Тоон үзүүлэлтээс харахад, зөвхөн манай дүүргээс санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн 2020 оноос өмнөх дөрвөн жилийн төсвийг 2020-2023 оны төсөвтэй харьцуулахад 13 дахин нэмэгдсэн байна лээ. Энэ бол том амжилт. Авто замын салбарыг онцлоход л өнгөрсөн гурван жил 60 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн 221 км замын гуравны нэг буюу 66 км авто зам, хоёр гүүрэн байгууламж ашиглалтад оруулсан байх жишээний. Гэрэлтүүлэг гэхэд л хоёр дахин нэмэгдэж, дүүргийн нутаг дэвсгэрийн 45 хувь нь гэрэлтүүлэгтэй байсан бол эдүгээ 95 хувь болсон. Тодруулбал, өмнө нь хоёр гудамж тутмын нэг нь харанхуй байсан бол 2024 онд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнд 95 хувь болж өссөн гэсэн үг. Хууль, эрх зүйн орчин ч биднийг ажил авсан үеэс эрс сайжирсан. Ялангуяа анхан шатны эрх зүйн зохицуулалтууд боловсронгуй болсныг хэлэх байна. Энэ бүхэн ажил явуулахад таатай нөхцөл болсон.
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болж, та бүхэн дүнгээ тавиулна. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд Иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар үнэлт дүгнэлт өгч байна вэ?
Хуулийн хүрээнд бидний ажил дөрөв, дөрвөн жилээр үнэлэгддэг. Бидний сонгогдон ажилласан дөрвөн жилийн тухайд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, хоёр жилийг нь гэртээ, хөл хорионд өнгөрүүлснийг та бүхэн мэднэ. Дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын тухайд цар тахлыг хохирол багатай туулахын тулд хүнд нөхцөлд цаг наргүй хөдөлмөрлөсөн. Дараа нь эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ эрүүл-аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Хороо бүрд ямар нэг байдлаар үр дүн нь гарсан гэж хэлэх байна. Манай баг, хамт олонд ямар дүн тавих нь иргэдийн мэдэх хэрэг. Манай баг урьд урьдынхаас илүү нээлттэй ажиллахыг зорьсон, хичээсэн. Энэ хүрээнд газар, хэлтсийн дарга нар маань иргэдтэй сард 1-2 удаа нүүр тулсан уулзалтыг тогтмол хийж, зохион байгуулалтын асуудлуудаа ярилцаж ирсэн. Иргэдтэй хийсэн уулзалтын үр дүнд бидний цаашид хийх ажил тодорхой болж, ЗДТГ хэрхэн чиглүүлж өгөх арга зам нь харагддаг. Чухам эндээс л сүүлийн дөрвөн жилд амжилттай хийсэн ажлуудын санаа олдож, ажил хэрэг болсон гэдгийг онцолж хэлэх байна. Үр дүнд нь Баянзүрх дүүрэг Нийслэлээс шалгаруулдаг “Манай хороо миний гудамж” аянд сүүлийн хоёр жил дарааллан тэргүүлж, шилдгийн шилдэг дүүргээр шалгарсан. Энэ бол бидэнд өгсөн хамгийн том урам юм. Эхлүүлсэн ажлуудаа дуусгахад дөрвөн жил тийм ч урт хугацаа биш. Манай дүүргийг бусад дүүрэгтэй харьцуулахад худалдан авах чадвар өндөр. Боловсролын түвшин ч мөн өндөр. Материаллаг бааз суурь, оюуны чадавхи сайтай дүүрэг.
Ажил хүлээж аваад эхлүүлсэн томоохон ажлаа нэрлэнэ үү гэвэл?
Худалдаа үйлчилгээний салбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, томоохон зах худалдааны төвүүдийг түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавин Хонхор орчимд Аж үйлдвэрийн парк байгуулахаар саналаа хүргүүлсэн. Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажил тул газар болоод шаардагдах төсвийнх нь асуудлыг шийдсэн. Хүний амьдралд тохиох хамгийн сайхан мөч бол гэрлэлтээ бүртгүүлэн нэгэн сайхан өрх айл бий болсноо эцэг эх, ах дүү, найз нөхөддөө зарлах явдал байдаг шүү дээ. Тэр сайхан мөчийг нь хуваалцах үүднээс залуу хосууддаа зориулан “Гэрлэх ёслолын ордон” байгуулсан. Байгуулагдаад удаагүй ч олон хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна лээ. Энэ мэтчилэн иргэн рүүгээ хандсан нэлээдгүй ажлыг бид хийсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ эдийн засгийн нөхцөл байдлаа түшиглэн чадлынхаа хэрээр дэмжиж, хамтарч ажиллаа. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэл багатай хүргэх үүднээс долоо хоног бүр хуралдаанаар оруулж зөвшөөрлийг нь шат дамжлагагүйгээр шийддэг болсон. Үр дүнд нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо эрс нэмэгдсэн төдийгүй олон улсын болон дотоодод зохион байгуулагдсан үзэсгэлэн, яармаг худалдаанд амжилттай оролцож, дүүргийнхээ нэр хүндийг өргөж ирснийг энд онцлон тэмдэглэх байна. Иргэд маань бидэнд итгэл үзүүлэх аваас та бид 2028 онд нилээн ахисан түвшний асуудлууд, цаашлаад иргэдийнхээ хувь хүний хөгжлийг яриад сууж байх болов уу гэж төсөөлж байгаа. Эрхэлсэн ажилдаа мэргэшсэн, эв нэгдэлтэй, туршлага бүхий баг хамт олон, материаллаг бааз, боловсон хүчний нөөц ч бидэнд бий.
-Ярилцсан танд баярлалаа

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам