Дэлхий дахинд
Украины Гадаад хэргийн сайдаар Андрей Сыбихаг томилов
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба огцорч буй тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Ерөнхийлөгч Зеленский дайны шинэ үе эхлэхтэй зэрэгцээд засаг захиргаандаа өөрчлөлт оруулахаар эрмэлзэж буй. Энэ хүрээнд засгийн газрын бараг 10 гаруй албан тушаалтныг халж сэлгэх төлөвтэй байна. Түүнчлэн аж үйлдвэр, хууль шүүх, байгалийн баялгийн салбарын удирдах албан тушаалтнуудад ч халаа сэлгээ хийх аж.
Тэгвэл Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн оронд түүний орлогч бөгөөд Турк дэх Элчин сайд асан Андрей Сыбихаг томилох шийдвэр гарчээ. Андрей Сыбиха 49 настай. Тэрбээр мөн Ерөнхийлөгчийн ажлын албанд ажиллаж байсан туршлагатай.
Засгийн газарт өөрчлөлт оруулахын тулд санал хураалт явуулдаг. Санал хураалт журмын дагуу болсон гэдгийг Украины хууль тогтоогч Ярослав Зелезниак, Олексий Хончаренко нар баталжээ.
Албан тушаалаа хүлээлгэн өгч буй Дмитрий Кулебагийн тухайд 2020 оны гуравдугаар сараас хойш Гадаад хэргийн сайдаар ажиллажээ. Украинчуудын үзэл санааг дэлхий нийтэд дамжуулсан, гадаадын нэр хүндтэй хүмүүстэй уулзсан зэргээр дамжуулаад тэрбээр дайны үед нэр хүнд сайтай болсон. Түүнийг Зеленскийн дараа орох хоёр дахь нэр хүндтэй хүн ч гэдэг. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Хятадад айлчилснаар дайн эхэлснээс хойш тус улсыг зорьсон хамгийн өндөр албан тушаалтан болжээ.