Нийгэм
Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг

Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бордюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг.
Тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлагын ил харагдах өндөр 7-8 см болдог.
Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг.
Олон нийтийн сүлжээнд зарим үед яригдаж байгаа шиг замын хашлага, ус зайлуулах худгийн тагийн өндөр стандартаас зөрсөн зүйл байхгүй гэдгийг холбогдох албаны эх сурвалж хэлж байна.
Энэ тухайд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Авто замын асфальт бетон үе авахын өмнө замын хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг. Замын ажил дуусахад явган замын гарц болон ус зайлуулах шугам асфальтнаас дээш гарахгүй. Зам дээрх хөндлөн гарсан ус зайлуулах хоолойны шугамаа холбож дуусаад асфальтаа авдаг. Ингэснээр борооны ус зайлуулах таг асфальтаас доогуур болж стандартад нийцнэ. Нарны замыг засварлаж байхад ч иймэрхүү асуудал цахим орчинд гарч, яригдаж байсан. Гэхдээ иргэд та бүхэн тус замыг очоод үзвэл ажлын стандартыг харах болно” гэсэн юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.