Нийгэм
Түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана

“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм.
“Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг улсын Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд зохицуулалт хийх программ хангамж дээр хамтарч ажиллах 11 дэх улс боллоо.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг бүрэн камерын нэгдсэн системтэй холбох ажил арваннэгдүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэв.
Уулзалтын төгсгөлд талуудаас AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Мөн нийслэлийн зүгээс цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.