Нийгэм
Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд 5.2 га газрыг шийдлээ

НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан боллоо.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох талаар танилцууллаа.
Танилцуулгад “Нийслэл хотын хүн ам өсөхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Өнгөрсөн онд нийслэлийн 8 дүүрэгт гарааш чөлөөлж, газрын зөрчил арилгах арга хэмжээ авсан бол 21 байршилд 5.2 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон. Тухайлбал, 2 байршилд хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоолын тохижилт хийнэ” гэсэн саналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр дурдсан юм.
Ийнхүү НИТХ-ын хуралдаанаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг 83.3 хувийн саналаар дэмжиж, баталснаар нийслэлд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд газрын асуудлыг шийдлээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршилд нийт 2.71 га, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 2.06 га газрыг тус тус шийдвэрлэв. 2019 оноос хойш нийслэлийн хэмжээнд нийт 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна.
Цаашид нийтийн эдэлбэр газруудад дараах арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
- Нэгдүгээрт, нийтийн эдэлбэр газрыг зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
- Хоёрдугаарт, нийтийн эдэлбэр газарт хийж буй ажлуудыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр сурталчилна.
- Гуравдугаарт, нийтийн эдэлбэр газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.