Нийгэм
Авто замын ашиглалтын чанарыг лазер хэмжилтийн төхөөрөмжөөр үнэлдэг боллоо

Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр туршиж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн Замын хөгжлийн газраас уг лазер хэмжилтийн төхөөрөмжийг үнэлж, зам дээр хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд ийнхүү ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэлэг технологийг туршиж, авто замыг олон улсын стандартад нийцүүлж, менежментийг хийлээ. Өнөөдөр туршиж буй LCM (Laser Crack Measurement System) системээр бид авто замын эвдрэл, ашиглалтын чанарыг өндөр түвшинд илрүүлснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой боллоо” гэв.
Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж 4 метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулна. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм. Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй шүү дээ. Иймд авто замын гадаргуун боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдлээ” гэсэн юм.
Мөн LCMS (Laser Crack Measurement System) нь 2D зураг, өндөр нарийвчлалтай 3D профайлыг лазер шугамын проектор ашиглан 2 метрийн өндрөөс, 4 метрийн өргөнөөр хэмждэг. Улмаар 20-40 км цагийн хурдаар мэдээллээ цуглуулах боломжтой. Зөвхөн хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар хэмжилт хийдэг давуу талуудтай лазер төхөөрөмжийг Улаанбаатар хотын авто замд нэвтрүүлж эхэллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.