Нийгэм
Б.Одбаяр: Шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас асфальт хучилтыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна.
Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод зам, засварын 41 ажил хэрэгжээд явж байна. Хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэхэд асфальт завод, дэвсэгч хүрэлцээ багатай. Манай хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000-1500 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Өнгөрсөн хугацаанд дандаа амралтын өдрүүдээр гол замуудыг хааж, засаж байсан бол энэ долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү орж, хүйтэрч байгаа учраас өдрийн цагаар зам засварын ажлыг яаравчлуулах хэрэгтэй болсон. Хасах хэмд асфальт хучилт авах боломжгүй байдаг. Цаг агаараас гадна 4-5 байршилд зам хаахаар ажиллах хүч, техник хэрэгсэл дутдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан замын ажлыг өдрийн цагаар хөдөлгөөнийг аль болох эергээр зохицуулж явуулж байна. “Маршалын гүүрэн дээрх асфальт бетон хучилтыг хуулаад байна” гэж хүмүүс асуусан байсан. Үүнд хариулт болгож хэлье. Замыг засахад гүүрийг стандартад нийцүүлэхийн тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж, шинээр дэвсдэг. Өмнө нь ч гэсэн бүх гүүрийг үүнтэй адил засаж байсан” гэдгийг хэлэв.
Энэ онд Улаанбаатар хотын ихэнх гол гудамжийн авто замыг шинэчилж буй. Замын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээр хийгдэж байгаа учраас иргэдээс нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг ажил гүйцэтгэгчид хүслээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.