Дэлхий дахинд
Амиа егүүтгэх машиныг анх удаа хэрэглэхэд оролцсон хүмүүсийг Швейцарын цагдаа баривчилжээ
Сайн дураар амиа егүүтгэхэд туслах зориулалттай “Sarco” машиныг анх удаа хэрэглэсэн асуудлаар хэд хэдэн хүнийг баривчлан шалгаж эхэлснээ Швейцарын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Тус улсад өмнө нь уг машиныг огт ашиглаж байгаагүй юм. Харин Даваа гарагт Мерисхаузен хотод “Sarco” машинаар нэг хүн сайн дурын үндсэн дээр амиа егүүтгэсэн талаар нэгэн хуулийн фирм Шаффхаузен мужийн прокурорын газарт мэдээлжээ. Үүний дараа дээрх үйлдэл хууль ёсны дагуу хэрэгжсэн эсэхийг мөрдөн шалгах ажил эхэлсэн байна.
“Sarco” машины дотор байрлах нэг товчийг дарснаар бүхээгийн дотор тал азотын хийгээр дүүрдэг бөгөөд дотор нь суусан хүн тэр дороо унтаж, хэдхэн минутын дараа хүчилтөрөгчгүй болсны улмаас амьсгал хураадаг юм.
Дэлхийн зарим улс оронд эвтанази буюу бусдын тусламжтай амиа егүүтгэхийг зөвшөөрдөг бол Швейцарын хууль сайн дураар амиа егүүтгэхийг зөвшөөрдөг ч ингэхдээ бусдаар туслуулахыг хориглодгоороо ялгаатай.
Энэ шаардлага нь тодорхойгүй байдал үүсгэж, хуульчдын дунд маргаан дэгдээдэг. Тиймээс “Sarco” машиныг хэрэглэсэн анхны тохиолдол хууль зөрчсөн байж болзошгүй гэж прокурорууд сэжиглэж байгаа юм байна.
Нидерландад төвтэй Exit International байгууллага $1 саяын өртөгтэй “Sarco” машиныг Швейцарт анх оруулж ирсэн юм.
Швейцар нь амиа егүүтгэх хүсэлтэй гадаадын иргэдийн хүслийг биелүүлэхийг зөвшөөрдөг цорын ганц улс тул Exit International ийм хүмүүст туслах зорилгоор оруулж ирж байжээ.
АНУ-ын иргэн, эдгэршгүй хүнд өвчтэй 64 настай эмэгтэй “Sarco” машины анхны хэрэглэгч болсон байна.
Exit International байгууллагын Швейцар дахь салбарын төлөөлөгч Флориан Уиллет эмэгтэйг “амар тайван, түргэн бөгөөд нэр төртэй” амьсгал хураасныг мэдээлжээ.
Дэлхий дахинд
Европ тивийг “Борис” нэртэй хар салхи дайран өнгөрсөн бол АНУ-ын улс орнуудад ой, хээрийн түймэр дэгдээд байна
Дэлхий дахинд
Перу улсад дэгдээд буй ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна
Дэлхий дахинд
Иран: Эмэгтэйчүүдийг хижаб зүү шахахгүй
Ираны цагдаа нар хувцаслалтын дүрэм журам зөрчсөн эмэгтэйчүүдийг харгис хэрцгийгээр шийтгэж буйг НҮБ саяхан анхааруулсан. Эл анхааруулгын дараа Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдэл хийлээ. Тэрбээр Иран улс цаашдаа эмэгтэйчүүдийг заавал толгойн алчуур зүү гэж шахахгүй гэв.
22 настай иран эмэгтэй Махса Амини хоёр жилийн өмнө толгойн алчуур зүүгээгүйгээс болж, цагдаад баривчлагдаж, улмаар амиа алдсан билээ. Энэ хэрэг үндэсний хэмжээнд эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, багагүй хугацаанд үргэлжилсэн. Ираны засгийн газар энэ үеэс хойш эмэгтэйчүүдийн эрхийг дарангуйлах, янз бүрийн хөдөлгөөнийг дарах хүчин чармайлтаа эрчимжүүлжээ.
Харин шинэ ерөнхийлөгч Пезешкян Даваа гаригт мэдэгдэл хийхдээ эмэгтэйчүүдийг дарангуйлсан гэх асуудлыг эрс няцаасан юм. Хэвлэлийн бага хуралд ирэхдээ цагдаагийн машинаас зайлсхийхийн тулд тойруу зам сонгосон гэх эмэгтэй сэтгүүлчийн асуултад тэр хариулжээ. Эмэгтэй сэтгүүлчийн үсний зарим хэсэг ил гарч, толгойн алчуураа сулхан зүүсэн байв. Цагдаа нар гудамжинд байгаа хэвээр эсэхийг асуухад Пезешкян “Ёс суртахууны цагдаа нар эмэгтэйчүүдтэй сөргөлдөхгүй. Би санаа тавьж араас нь хөөцөлдөнө” гэж хэлжээ. Энэ үг нь Ираны томоохон телевизүүдээр шууд цацагдаж, дараа нь цахим орчинд ихээхэн түгсэн байна.
Ерөнхийлөгч агсан Эбрахим Раисигийн орыг залгамжилсан Пезешкян долдугаар сард ажлаа хүлээж авсан. Энэ нь түүний ажлаа хүлээж авснаас хойших хамгийн анхны хэвлэлийн хурал байлаа. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр толгойн алчуурын дүрэм журмыг халж, удаан хугацаанд оршин тогтнож буй интернетийн хяналтыг зөөлрүүлнэ гэж амласан юм. Зарим эмэгтэй сэтгүүлч толгойн алчуураа сул зүүсэн байсан нь Пезешкян ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрэм журам харьцангуй суларсны илрэл байв. Өмнө нь иймэрхүү албан арга хэмжээнүүдэд эмэгтэй сэтгүүлчид хувцаслалтын хатуу дүрэм журам баримталдаг байжээ.
Гэхдээ НҮБ-ын сүүлийн мэдэгдэл ч мөн анхаарал татахуйц байсан. Эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэрэглэлийнх гэж үздэг тогтолцоотой хэвээр байгааг тус улсад ажилласан НҮБ-ын судалгааны баг хэлсэн аж. Судалгааны багийн тайланд дурдсанаар толгойн алчуурын дүрэм журмын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах, дүрэм зөрчигсдийг шийтгэхийг дэмжигсэд олон байна. Мөн эрх баригчид эмэгтэй идэвхтнүүдийн эсрэг цаазаар авах ялыг улам бүр нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байна.
Түүгээр ч үл барам Толгойн алчуур ба ариун явдлын тухай хуулийн төсөл өдгөө Ираны Хамгаалах зөвлөл дээр батлагдах эцсийн шатандаа байгаа аж. Уг хууль батлагдвал толгойн алчуур зүүгээгүй эмэгтэйчүүд онц их хэмжээний мөнгөн торгууль төлөх, хоригдох, ажиллах, суралцах эрхээ хязгаарлуулах, зорчих эрхээ хасуулах зэрэг шийтгэл хүлээнэ.