Нийгэм
Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, шинээр барихад хохирсон 63 иргэний зөвшөөрөл хэрэгтэй
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.
Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар тухайн байршилд ажиллалаа.
Тэрбээр “Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 207 дугаар байрны оршин суугчдын нөхцөл байдлыг шийдэх яаралтай үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Нийт 63 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 63 өрх энд хохирсон гэж бүртгэлтэй байгаа учраас 207 дугаар байрыг нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсгийг цуглуулж, баталгаажуулж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, барилгыг буцаагаад өмнө нь байсан зургаар нь, бидний амьдарч байсан метр квадратаар шинээр барьж өгөөч гэсэн хүсэлтээ гарын үсгээр баталгаажуулаарай. Бичиг баримт бүрдмэгц бид яаралтай 207 дугаар байрыг нураах тендерийг зарлаж, ажлын 21 хоногт сонгон шалгаруулалт хийж, ажлыг цаг алдалгүй гүйцэтгүүлнэ. Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг байна гэж Барилгын хөгжлийн төвөөс магадлагдсан байгаа. Хэрвээ нэг л айл нураахаас татгалзах юм бол бид тухайн хүний өмч хөрөнгийг нураах боломжгүй. Мэдээж таны орон сууц ипотекийн зээл, банкны барьцаанд байгаа тохиолдолд банктайгаа хамтарч тодорхойлолт гаргаж өгнө. Харин бид банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр босгож айлуудад хүлээлгэж өгөх албан бичгийг өгнө. Мөн энэ байрыг нураахдаа бусад эргэн тойрны барилгуудад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байрны дээд хэсгээс эхлүүлээд давхар бүрээр нураах шийдлийг гаргаж, тендерийн баримт бичгийг боловсруулсан” гэдгийг хэллээ.
Тухайн 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөний улмаас хананы бетонд нүүрс хүчлийн хий үүсч, барилгын үндсэн хийцлэл алдагдаж, ан цав гарч, арматур зэвэрсэн. Мөн маш бага баллын газар хөдлөлтөд ч тэсвэргүй болсон гэсэн дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид удаа дараа хэлсэн байдаг. Мөн уулзалтын үеэр 207 дугаар байрыг нураах асуудалд оршин суугчдын төлөөллөөс санал хүсэлтээ илэрхийлж, бусад оршин суугчидаа мэдээлэл хүргэж, бичиг баримт бүрдүүлж, гарын үсэг цуглуулахаа хэллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.