Нийгэм
БНСУ-аас сайн дураар нутаг буцах аян хэрэгжинэ

БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдэд зориулж сайн дураар нутаг буцах аяныг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр болов.
Дээрх аянд хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч паспорт, бичиг баримт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, Цагаачлалын байгууллагаас гаргасан нутаг буцах шийдвэрийг үл биелүүлсэн иргэн хамрагдах боломжгүй юм.
Сайн дураар нутаг буцах аяны хугацаанд нутаг буцсанаар замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиас чөлөөлөгдөх, хилийн хориг тавиулахгүй байх, 17 наснаас доош хүүхэдтэй хамт явах тохиолдолд торгуулиас чөлөөлөгдөх зэрэг давуу талтай юм.
Сайн дураар нутаг буцах мэдэгдлийг хамгийн багадаа ажлын 3 өдрийн өмнө хийнэ гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.