Нийгэм
Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо
Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо.
Төслийн хүрээнд хүлэрт намаг бүхий 20.000 га талбайг нөхөн сэргээх замаар 594.000 тн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна.
Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг хүлэрт намгийн экосистем нь усны зохицуулалт, биологийн олон янз байдлын хамгаалал, нүүрстөрөгчийн хуримтлалд чухал ач холбогдолтой.
Монгол орны газар нутгийн 2 хувийг эзэлж буй хүлэрт намгархаг экосистем нь гол мөрнийг тэтгэж, хөрсний элэгдлээс сэргийлж, ойн болон тариалангийн усны эх үүсвэрийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангадаг. Гэвч малын тоо толгойн өсөлт, бэлчээр ашиглалт, уул уурхайн тогтвортой бус ашиглалт, хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрчим нэмэгдсэн зэрэг нь Монгол орны хүлэрт намгийн экосистемийг доройтуулж, тэдгээрийн усны зохицуулалт болон уур амьсгалын дасан зохицох чадварыг алдагдуулж байна.
2015-2017 онд хэрэгжсэн “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төслийн хүрээнд манай орны хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэг хэлбэрээр доройтолд орсныг тогтоосон.
Одоо хэрэгжиж байгаа “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төсөл нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, түүнчлэн уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах замаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү төслийг 2024-2027 оны хооронд Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-аас санхүүжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон Улсын Цаатны Төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.