Нийгэм
Т.Даваадалай: Авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр зогсоож, хавар үргэлжлүүлнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй.
Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: “Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.
“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх: “Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай: “Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье” гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: “Өнөөдөр 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. 85 тонн давс, 18 тонн бодис цацаад байна. Хотын төв замд авто замын бөглөрөл, түгжрэл их байгаа учраас том автомашинаар давс цацахад хүндрэлтэй байна. Тиймээс шөнийн цагаар давс, бодис цацах ажлыг үргэлжлүүлнэ. Халтиргаа ихтэй байршлуудад бид хайрга, элс байршуулсан байгаа” гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.