Нийгэм
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 75 дугаар чуулган эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 75 дугаар чуулганы хуралдаан Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо эхэллээ.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бүсийн хорооны чуулган нь бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн бодлогын чиглэлээр шийдвэр гаргадаг дээд түвшний механизм бөгөөд чуулганд тус бүс нутагт харьяалагдах 37 улс орны Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы даргаар Күүкийн Аралын Эрүүл мэндийн сайд, Дэд даргаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Эрүүл мэндийн дэд сайд нар тус тус сонгогдлоо. Эхний өдрийн хуралдаанаар Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукала өөрийн алсын хараа болох “Номхон далайн баруун бүсийн орнуудын гэр бүл, хамт олон, олон нийт, нийгэмд суурилсан эрүүл мэндийг бий болгох нь: Эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах, амь насыг аврахын төлөө хамтран ажиллах” бодлогын баримт бичгийн талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд уг баримт бичгийг 2025-2029 онд хэрэгжүүлж ажиллах юм.
Түүнээс гадна энэ жилийн чуулганаар “Номхон далайн баруун бүсэд эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөний хүрээ“, “Номхон далайн баруун бүсэд цахим эрүүл мэндийг ашиглах стратеги” зэрэг урт хугацаанд баримтлах бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлах ба Монгол Улс дээрх хэлэлцүүлгүүдэд тус тус оролцож, байр сууриа илэрхийлнэ. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бүс нутгийн зарим улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.