Нийгэм
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ
Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм.
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.
- Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
- Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
- Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
- Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
- Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
- Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
- Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
- Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.
Уг стандартын хэрэгжилтийн талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяагаас тодрууллаа.
Тэрбээр “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдэж буй. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Тодруулбал, зөрчлийг арилгахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийж буй. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.