Нийгэм
Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45922, мөрдөн байцаалтын 3662 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 3, Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулсан тус бүр нэг хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан шар давсны хүчил, хүхрийн хүчил, азот, натри хлорид болон Монгол Улсад хэрэглэхийг хуулиараа хориглосон цианит зэрэг 43 нэр төрлийн сав баглаа боодолтой бодисуудыг хууль бусаар олж, нэр бүхий компанийн үйл ажиллагаанд ашигласан О.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтан Ж.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид давуу байдал бий болгож, гэрээ байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дорнод аймгийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлын 2.45 кг үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид хохирол учруулсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7.479.418 төгрөгийн хохирол учруулсан нэр бүхий 9 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.