Нийгэм
11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм.
Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан. 11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй юм.
Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай зарим мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд бид урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж буй. Тухайлбал метро, дүүжин тээвэр, туулын хурдны зам зэрэг томоохон төслийг нийслэлээс хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ богино хугацаанд түгжрэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж шаардлагатай арга хэмжээг хурдан хугацаанд авч шийдвэрлэхгүй бол Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгт хүрч оргил ачааллын үед замын хөдөлгөөний тэг зогсолт тогтмол болох эрсдэл өндөр байна. Та бүхэнд зарим статистик тоо мэдээллийг хүргэе. Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам 2 сая хүртэл тооцоолол гарсан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд буй. Тиймээс бид түгжрэлийг бууруулах богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах арга хэмжээг аваад байна. Ингэснээр ирэх сарын 8-ны өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаарыг олгохгүй” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.