Нийгэм
“Бүсчилсэн хөгжил-Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжил-Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод эхэллээ.
Форумд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр, Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа тэргүүтэй төлөөлөгчид болон зүүн бүсийн нисэх буудлууд болох “Гурвансайхан”, “Чойбалсан”, “Өндөрхаан”, “Баруун-Урт”, “Мандалговь” нисэх буудлын удирдлага, төлөөлөл оролцож байна.
Форумын үйл ажиллагааг нээж ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэлсэн үгэндээ “Энэхүү форум нь зүүн бүсийн нисэх буудлууд харилцан туршлага солилцох, ИНҮТ-ийн бодлого, чиглэлтэй танилцах, хийж хэрэгжүүлж буй дэвшилттэй ажил болон тулгарч буй асуудлуудаа ярилцаж, хамтдаа шийдэл олох зорилготой. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон нутгийн дөрвөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэн, 4С ангиллын болгох төсөл хэрэгжиж байгаа. Үүнд зүүн бүсийн 2 нисэх буудал багтсан. Тэдгээрийг дагаад орон нутгийн бусад нисэх буудлуудыг тухайн орон нутгийн онцлогт уялдуулан хөгжүүлэхээр зорьж байна” гэдгийг онцлоод форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
“Бүсчилсэн хөгжил-Зүүн бүсийн нисэх буудлуудын форум”-ын үеэр зүүн бүсийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцах, харилцан санал бодлоо солилцохоос гадна нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудад JCI Монгол академиас “Fish phylosophy” сургалт орно гэж Иргэний Нисэхийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.