Нийгэм
Арваннэгдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ
2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Арваннэгдүгээр сарын 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 15-нд цас, 16-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, арваннэгдүгээр сарын 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 9-14 хэм, өдөртөө бүх хэсгээр 0-5 хэм хүйтэн байна.
Нийгэм
Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ
Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалтыг хийдэг.
Энэ хүрээнд Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй 6 хөлөг онгоц дээр 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Тайванийн Гаушун боомтод далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ.
Тус шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог.
Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөргөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл” хэрэгжиж байна
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах “К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл”-ийг өнгөрсөн есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр гарын үсэг зурж албажуулсан.
Төслийн удирдагч, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, төслийн удирдагч Жон Сон Ил, Лим Жае Кью нар төслийн ерөнхий төлөвлөлтөө гаргалаа.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжаар хэрэгжих тус төслийн хүрээнд Монгол Улсын авто замын салбарын инженер техникийн ажилчдаа БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулна.
Мөн авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажил хийгдэнэ гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Нийгэм
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид ГИХГ-т ажиллалаа
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ажлын албаны дарга Д. Ариунболд нар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага бөгөөд ГИХГ-ын дарга Н. Ууганбаяр Монгол Улсад оршиж сууж буй гадаадын иргэдийн тоон мэдээ, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл өгч, цахим үйлчилгээ, үйлчилгээний нэгдсэн системийн талаар танилцуулав. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах, виз, зөвшөөрөл олголтын хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ 2024 онд бүрэн цахимжиж, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх үйлчилгээний хүндрэл багасаж, чанар, хүртээмж нэмэгдсэн эерэг өөрчлөлт, үр дүн гарч байна. Үүнийг дагаад программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, шинэ үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан системийг хөгжүүлэх, аливаа төрлийн халдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь дараагийн том зорилт болж байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ цахимжуулах нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөж талаасаа сайн боловч нөгөө талаасаа бодит эрсдэлийг дагуулж болзошгүй тул цаашид системийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн хоёр байгууллага хоорондын цахим системүүдийг холбож, мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав
-
Нийгэм17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ
-
Улс төр17 цаг өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа