Дэлхий дахинд
“Амазон” Италид дрон хүргэлтийн анхны туршилтаа хийлээ
“Амазон” компани Италийн Сан Салво хотод дрон хүргэлтийн анхны туршилтаа амжилттай хийжээ.
Туршилтад тус компанийн хамгийн сүүлийн үеийн автоматжуулалт өндөр загвар болох MK30 дроныг ашигласан байна.
Энэхүү загвар нь саад тотгорыг даван туулах чадвартай бөгөөд бусад онгоцноос зайлсхийхийн тулд компьютерийн харааны дэвшилтэт технологиор тоноглогджээ.
Прайм Эйр Итали нь 2025 онд дээрх аргачлалаар арилжааны үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөж байна.
MK30 дрон нь 5 фунт (2.27 кг) хүртэл жинтэй бөгөөд АНУ-д Beyond Visual Line of Sight (BVLOS) ажиллуулах зөвшөөрөлтэй аж.
“Амазон” компани нь 2025 онд дээрх үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх зорилгоор Италийн эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Дэлхий дахинд
BBC мазаалайг онцолж, нэвтрүүлэг бэлтгэжээ
Их Британийн BBC агентлаг говийн мазаалай баавгайн тухай нэвтрүүлгийн бичлэгийг нэг жилийн хугацаанд буюу 2022-2023 онд хийжээ. Бичлэгийг 23 цагийн өмнө BBC өөрийн Youtube сувагт байрлуулсан бөгөөд 12 мянган хүн үзсэн байна.
Тус бичлэг нь “Говийн баавгай ус хайж цөлөөр хэрэн тэнүүчилдэг ганцаардмал амьтан. Тэдний тоо толгой 40 хүрэхгүй ч энэ бяцхан бамбарууш итгэл найдвар төрүүлсээр байна” гэсэн тайлбартайгаар олон нийтэд хүрч байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Дэлхий дахинд
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ
Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Паквачийн гүүр нурж, Нил мөрний эрэгт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеэр аврах багийн хоёр завь хөмөрсөн байна.
Цаг агаарын байгууллагаас нь лхагва гарагт хүчтэй аадар бороо орох урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохиог ажиллуулж, улс даяар томоохон авто замуудыг хаах арга хэмжээг авсан байжээ.
Тус улсад 12 жилийн өмнө мөн хөрсний гулгалт болж, 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.