Эдийн засаг
“Бусдыг банкнаас мөнгөө татахыг уриалах, дуулианд автаж мөнгөө татах нь нийгэмд асар их хор уршигтай”

Худалдаа, Хөгжлийн Банкны удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгагдсантай холбогдуулан тус банкны үйл ажиллагаа хэвийн эсэх талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбишээс тодруулга авлаа.


– Банкны үйл ажиллагаа нь хэвийн эсэхийг хэрхэн тайлбарлах вэ?
– Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банканд Банкны тухай хууль, тогтоомжид заасан хяналтыг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкнаас Худалдаа, Хөгжлийн Банкны санхүү, төлбөрийн чадварт тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа.
– Болсон үйл явдалтай холбогдуулан Монголбанкнаас дахин үйл ажиллагааг нь нягтлах шаардлагатай юу?
– Энэ үйл явдал нь тухайн банкны санхүүгийн үзүүлэлт, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж буй эсэх, банк уг эрсдлийг хэрхэн удирдаж буйд Монголбанк тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Шаардлагатай гэж үзвэл тус банканд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж болно.
– Хэрэв харилцагчид хадгаламжийн татан авалт хийгээд эхэлвэл үйл ажиллагаа нь хэр хэмжээнд доголдох бол?
– Банкны системийн тогтвортой байдал нь харилцагч, банк хоёрын итгэлцлээс ихээхэн хамаардаг тул олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийлгүйгээр шууд их хэмжээгээр мөнгөө татаж авах нь банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд оруулах аюултай.
ХХБ-ны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа өнөөдрийн байдлаар 47.0 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцаа болох 25.0 хувиас 22.0 нэгж хувиар өндөр байна. Энэ нь банкнаас 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр татагдах эрсдлийг ХХБ даахаар байгааг харуулж байгаа юм.
– Харилцагчид дуулианд автвал тухайн банк гэхээсээ илүүтэй нийгэмд ямар хор уршигтай вэ?
– ХХБ нь 8.0 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, нийт 3.4 их наяд төгрөгийн харилцах, хадгаламжтай, системийн нийт гадаад төлбөр тооцооны дийлэнх хувийг гүйцэтгэдэг системийн нөлөө бүхий банк юм.
Сүүлийн зургаан сарын туршид банкны системийн нийт актив хөрөнгийн таваас дээш хувийг эзэлж байгаа банкийг системийн нөлөө бүхийн банк гэдэг. Өнөөдрийн байдлаар ХХБ-ны актив нийт системийн активын 24.3 хувийг эзэлж байна. Тэгэхээр системд хэрхэн нөлөөлөх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, энэ банк ямар чухал вэ гэдгийг харуулж байна.
Дуулианд автаж, системийн нөлөө бүхий банкнаас харилцагчид их хэмжээгээр мөнгөө татсанаар тухайн банк харилцагчийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байдалд хүргэнэ. Уг банкны харилцагчдын гүйлгээ хийгдэхгүй учир бусад банкны харилцагчдын орох мөнгөн урсгал тасалдаж, системийн бусад банкандаа нөлөөлнө. Ингэснээр нийт эдийн засгийн мөнгөн урсгал доголдож, нийгэмд ихээхэн хор уршиг бий болно. Мөнгөний урсгалыг хүний цусны эргэлттэй зүйрлэх юм бол зарим эд эрхтэнд цус хүрэхээ больж, үхжиж эхэлнэ.
Тэгэхээр би, манай байгууллага энэ банктай харьцдаггүй учир ямар хамаа байна аа гэж хэрхэвч хандаж болохгүй асуудал юм. Таны ажилладаг байгууллага, таны бизнесийн орох мөнгөн урсгалыг бий болгодог харилцагчдын төлбөр тооцоо системийн нөлөө бүхий тус банкаар хийгдэж байгаа шүү дээ.
Иймд бусдыг банкнаас мөнгөө татахыг уриалах, дуулианд автаж мөнгөө татах нь нийгэмд асар их хор уршиг авч ирдэг.
– Банкны тухай хуулиар банкийг дэргэдээ охин компанитай байхыг хориглосон гэж ойлгож байна. Харин ХХБ-ны хувьд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан үүсээд байгааг энэхүү хуулийн хүрээнд хэрхэн тайлбарлах вэ?
– Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд банкны эрхэлж болох үйл ажиллагааны цар хүрээг тодорхой болгож өгсөн. Тус хуульд зааснаар банк хараат болон охин компани эзэмшиж болохгүй. Худалдаа, Хөгжлийн Банкны үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн буюу охин, хараат компани эзэмшдэггүй болно.
– Банкны ТУЗ-ийн гишүүдийн ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой заалт хуулинд бий юу?
– Банкны тухай хуульд зааснаар банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болон гишүүд банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих үүрэгтэй бөгөөд сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед Төлөөлөн Удирдах Зөвлөлд мэдэгдэх ёстой.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.