Бусад
ОРХОН: 2025 оны төсвийг боловсруулж байна
Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар болзошгүй аваарын зардлаар гүйцэтгэх ажлын төсөв батлах болон аймгийн 2025 оны төсвийг боловсруулж буй явцын талаар танилцууллаа.
Монгол Улсын 2025 оны төсөв хуульчлагдан батлагдсантай холбогдуулан аймгийн 2025 оны төсвийн төслийг боловсруулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 20-ны дотор аймгийн төрийн аудитын газарт хүргүүлж, аудитчилагдсан төсвийг ИТХ-д өргөн мэдүүлэх юм. Улмаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцүүлж батлуулна.
Хотын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд яаралтай засварлах, шинэчлэх хэд хэдэн ажлын төсвийг болзошгүй аваарын зардлаас шийдвэрлэлээ. Тодруулбал: Баян-Овоот багт байрлах КТП-448 дэд станцын трансформаторыг өргөтгөж засварлах, гурван багийн ус дулаан хангамжийн төвд ялтсан бойлерыг өргөтгөн шинэчлэх зэрэг нийт 9 ажилд 565 сая төгрөг зарцуулахаар боллоо.
Бусад
ХӨСҮТ: Менингококкт халдвар авсан хүүхэд эндлээ
ХӨСҮТ-ээс менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр “Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн. Өнөөдөр үдээс өмнө эндлээ.
2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабортаторийн шинжилгээгээр 2 тохиолдол батлагдсан. Тухайн хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан. Өнөөдрийн байдлаар тууралт халдварууд ихсэж байна” гэлээ.
Бусад
Т.Мөнхсайхан:БОЭТ-ийг түшиглэн Хавдрын төв байгуулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр манай аймагт ажиллаж байна. Сайдын бүрэлдэхүүнд Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Б.Ганзориг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир болон яамны хэлтэс албад, харьяа байгууллагын дарга нар багтжээ.
Албаныхны манай аймагт ажиллаж буй зорилго нь сайдын тушаалаар томилогдсон төвлөрлийг сааруулах “Үндэсний баг”-ийн үйл ажиллагаатай танилцах, дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй бэрхшээлийг газар дээр нь шийдэх, зарим асуудлыг бодлого үйл ажиллагаандаа тусгах юм.
Үндэсний баг нь манай аймагт хавдар, зүрх судас, ангиографийн оношилгоо, гэмтэл согог, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд дадлагажуулах, сургах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж буй.
Салбарын сайд эхлээд А.Амарын танхимд аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцов. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.