Нийгэм
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг дурдав. Монгол хүний дундаж наслалт 71.5 байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр богино байгаа гэлээ. Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие мах бодийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр дурдаад монгол хүн бүр хорт зуршлаас ангид байж, эрүүл мэнддээ анхаарах нь өрхийн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэй гэв. Монгол Улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын 20 хүрэхгүй хувь нь сэтгэл зүйчтэй байгаа гэдэг тоо баримтыг энэ үеэр дурдаад өсвөр насны хүүхдүүд, залуучуудын сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч, үнэ цэнтэй санал санаачилга гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан үг хэлсэн юм. Дэлхий дахинд эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгаа цаг үед “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлоход хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн зөвлөгөөний оролцогч бүрд тэрбээр чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Сэтгэл зүйн эрүүл мэнд орчин цагт ач холбогдол өндөртэй, хүн бүрийн анхаардаг сэдэв болсныг хэлээд цар тахал нь нийгмийн харилцааг хумьж, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөөлсөн нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг огцом нэмэгдүүлсэн болохыг тэрбээр хэлсэн үгэндээ дурдаад “Ялангуяа манай улсад архи, мансууруулах бодисын хэтрүүлсэн хэрэглээ, цахим донтолт, мөрийтэй тоглоом зэрэг асуудлууд огцом ихсэж, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан” гэдэг тоо баримтыг үндэсний зөвлөгөөний индрээс танилцуулав. Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.
2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 1984-1992 онтой харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгдсэн байна. Үүний дунд сэтгэл түгшилт 18 хувьтай, архаг ядаргаа 16 хувь, нойргүйдэл 17 хувь байгаа аж.
Улсын Их Хурлын зүгээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хэлсэн. Түүнчлэн мэдрэл, сэтгэцийн эмгэгийг оношлох асуумж, судалгааг тодорхой давтамжтай хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх цаашдын бодлогыг тодорхойлоход талууд анхаарах хэрэгтэй талаар дурдаж байв. Төгсгөлд нь Л.Энхнасан дарга өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэх илтгэл, судалгаанууд нь Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд нэн тулгамдаад буй асуудлууд болохыг тэмдэглээд зөвлөгөөний оролцогчдоос нийгмийн сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлуудыг бодитой тодорхойлж, нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээнүүдийг боловсруулахад үнэтэй санал, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.
Монголчууд эртнээсээ сэтгэлийн амар амгалан нь эрүүл мэндийн суурь хэмээн үздэг уламжлал, туршлагатай болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлээд, орчин цагт үүнийг шинжлэх ухаанаар нотолж, нийтээр хүлээн зөвшөөрдөг болсныг дурдав. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь өндөр хатуулагтай архи, тамхи, агаарын бохирдлоос үүдэлтэй, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлүүд байдгийг дурдаад цаашид урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарах нь өндөр үр дүнтэй хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ. Төр засгаас архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд бий болсон эерэг нөлөөний талаар дурдсан. Тамхины хэрэглээ, түүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн танилцуулж байв. Технологийн дэвшлийн нөлөөгөөр сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудад нийтээр анхаарах шаардлага үүсснийг хэлээд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мөн танилцууллаа. Хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндээс өрхийн, нийгмийн сэтгэл зүй бүрдэх учраас бүх шатандаа анхаарч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг чанаржуулан өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхтэй холбоотой асуудлыг хөндөж байв. “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнд оролцож буй мэргэжилтнүүд салбар хоорондын уялдааг хангаж, асуудлыг бодитой тодорхойлж, цогцоор нь хэлэлцэж үнэтэй зөвлөмж гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлээд бүх талаар дэмжин ажиллахаа Т.Мөнхсайхан сайд илэрхийллээ.
Дараа нь ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үг хэлсэн. Хүн амд үзүүлэх нийгмийн сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бүх түвшиндээ анхаарч буй нь хүн төвтэй хөгжлийн бодлогын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд, хувь хүний сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн нөлөөллийн талаарх баримтуудыг дурдсан. Монгол Улсын залуучуудын амиа хорлолт бүс нутгийн болон дэлхийн дундажтай харьцуулахад өндөр байгаа гээд нөлөөлөх олон шалтгаан, дэмжлэгийн тогтолцоо сул байгааг хэлсэн. Хүн сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл дунд байдгийг дурдаад үүнээс хамгаалах, сэргийлэхийн тулд бүх нийтийн оролцоо, санаачилга чухал гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлээд “Үндэсний зөвлөгөөнөөр салбар бүрийн онцлог, мэргэжлийн ур чадварыг нэгтгэн монгол хүн бүрд аюулгүй, эрүүл сэтгэц-нийгмийн орчныг бүрдүүлэх олон талт хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор цуглажээ. ДЭМБ бүх талаар дэмжин ажиллана” хэмээлээ.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нийгэм, цаг үе, технологийн өөрчлөлт залуучуудын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлээд талууд үүнд анхаарах шаардлагатай гэв. Эдгээрийг бууруулах чиглэлээр Монгол Улс боловсролын хөтөлбөр дэх эрүүл мэндийн агуулгыг сайжруулж, сэтгэл зүйн эрүүл мэндийн агуулгаар баяжуулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлэн бэхжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүх төрлийн хүчирхийллээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, залуучуудыг мэдээлэлжүүлж, сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах санал санаачилгад оролцуулах шаардлагатайг тэмдэглэсэн. Монголын залуучуудын сэтгэл зүй, сэтгэцийн асуудлыг анхаарах нь нэн чухал байгааг тэрбээр хэлээд залуу хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалсан, нийгэм, эдийн засгийн бат бөх байр суурьтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газар манлайлж, иргэний нийгэм, хөгжлийн түншлэлийн хүрээнд хамтрах боломж бий гээд үндэсний зөвлөгөөний оролцогчдод амжилт хүсэв.
Ийнхүү “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан. Тэрбээр “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн талаар товч танилцуулаад хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөө, үр дагаварыг дурдсан. Өрхийн орлого нь нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тоо баримтад үндэслэн тайлбарлаад, өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар, тогтмол их байгаагийн нөлөөгөөр гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байгаа гэв. Иймд иргэн бүр гэмт хэргийн хохирогч болох эрсдэл дунд аж төрж байгааг дурдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгааны дүнг танилцуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолт, депресс, архины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн, үүнээс үүдсэн үр дагаварыг тайлбарлав. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт өөр үр дүнтэй байгааг судалгаанд дурджээ. Сэтгэл гутралын түвшнээр манай улс олон улсын дундажаас дээгүүр, амиа хорлолтын талаарх тоогоороо бүс нутаг, олон улсын дундажаас мөн өндөр байгааг танилцуулсан. Дийлэнх улс оронд өндөр настнуудын амиа хорлолт их байдаг атал манай улсын хувьд залуучуудын амиа хорлолт өндөр байдаг нь нийтээр анхаарах, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсны илэрхийлэл гэлээ. Иймд салбар хоорондын уялдааг хангаж, тогтолцоо бүрдүүлэн, цогцоор арга хэмжээ авах шаардлагатай гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын түвшинд нийтлэгээр, үр дүнтэй хэмээн хэрэгжүүлдэг зургаан хөтөлбөрийн талаар нэгбүрчлэн танилцуулаад үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай хэмээсэн.
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм26 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент33 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад30 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна