Нийгэм
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо.
Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг юм.
Түүний ажлын туршлагаас танилцуулбал,
- 2005-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд дадлагажигч багш
- 2006-2008 онд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Хууль, эрх зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
- 2008-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2013-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтэс, төв, тасгийн дарга
- 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
- 2019-2022 онд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
- 2021-2023 онд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
- 2023 оноос Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргаар ажиллаж, өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдлоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.