Нийгэм
Дотуур байранд амьдрах хүүхдийн хоол, ЕБС-ийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000-2000 төгрөгөөр нэмлээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоолоо. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38,871 хүүхэд амьдарч байна.
Боловсролын яамнаас Японы олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, ясны нягт бага, Д амин дэмийн дутал 80 хувь гэсэн дүн гарсан нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулж байна.
Иймд энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2025 оны улсын төсөвт үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар тусгалаа. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болно.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.