Эдийн засаг
Олон улсын худалдаанд ам.долларыг ашиглахаас татгалзах хандлага нэмэгдэж болзошгүй

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зарласан худалдааны түншүүддээ хатуу шахалт үзүүлэх бодлого нь олон улсын худалдаанд ам.долларыг ашиглахаас татгалзах хандлагыг дэвэргэж болзошгүй гэсэн санааг Японы эдийн засгийн Nikkei Asia сонин илэрхийлсэн байна.
Тус сонинд тэмдэглэснээр, олон улсын төлбөр тооцоонд хятадын юанийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаагийн зэрэгцээ улс орнуудын санхүүгийн нөөцөд алтны эзлэх хувь хэмжээ өсөж байгаа ажээ. АНУ-ын шинэ засаг захиргаа “Эн тэргүүнд АНУ байна” гэх маягийн эдийн засгийн бодлогыг амьдрал дээр явуулж эхэлбэл доллароос аажмаар татгалзах хандлага эрчимжинэ тус сонин үзэж байна.
Банк хоорондын төлбөр тооцооны олон улсын SWIFT системийн мэдээ баримтаас үзвэл, 2024 онд гадаад худалдааны төлбөр тооцооны 49% нь ам.доллароор хийгдэж байсан боловч 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар юанийн эзлэх хувь 6,4% болж өссөн бөгөөд энэ үзүүлэлтээр юань дэлхийд хоёрдугаар байрт орж, евро-г /6,3%/ гуравдугаар байр руу шахсан байна.
Олон улсын валютын сангаас мэдээлж байснаар, 2024 оны есдүгээр сарын байдлаар дэлхийн алт валютын нөөцөд ам.доллар 57,4%-ийг эзэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн нөөцөд австрали доллар, хятад юань, солонгос воны эзлэх хувийн жин мэдэгдэхүйц өссөн байна. Улс орнуудын үндэсний нөөцөд алтны эзлэх хувь нэмэгдэж байгаа бөгөөд 2018-аас 2024 онд алтны нөөцөө Бразил улс 3,2 дахин, Энэтхэг 2,5 дахин, Хятад 2 дахин нэмэгдүүлсэн аж. Дэлхийн нөөцөд алтны эзлэх хувь 1,6 дахин нэмэгдэж, ам.долларын хувийн жинг бууруулсан байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
Эдийн засаг
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.
Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.
Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.