Нийгэм
Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг зургаадугаар сард боловсруулж дуусна

Урьдчилсан төлөвлөлтөөр дөрвөн эгнээ бүхий 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар тусгагдсан.
Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна.
Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдоно.
Тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ” гэлээ.
Туулын хурдны зам болон Шинэ тойрог замыг барьснаар дараах үр дүн гарна хэмээн тооцсон байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Бид нийслэлийн хөндлөн чиглэлд зургаан байршилд тооллого хийсэн. Баруунаас зүүн чиглэлийг хэмжихэд сургууль амарсан үед ойролцоогоор 1-1 цаг 30 минут, хичээл орж байгаа үед 2-3 цагийн хугацаанд нийслэлийн баруунаас зүүн чиглэлд зорчиж байна. Тэгвэл Туулын хурдны зам баригдсанаар баруунаас зүүн чиглэлийг 20-30 минутад буюу дунджаар 25 минутад туулах тооцоолол гарсан. Туулын хурдны зам дангаараа ашиглалтад ороход замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна. Замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурах нь хүмүүст яаж мэдрэгдэх вэ гэхээр иргэд хөдөө орон нутаг руу гарсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрсэн зуны улиралтай адил мэдрэгдэнэ. Тойрог хурдны замын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг дайран өнгөрөх хэсгүүд дээр хамгийн их ачаалал авч, түгжрэлийн дундаж хурд 28-30 км/цаг руу ойртоно” гэж тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьснаар дундаж хурд 2-3 дахин нэмэгдэх юм. Энэ нь дэлхийн дундаж хотуудын хамгийн боломжит хурд болохыг онцоллоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.