Нийгэм
Чингис хаан ОУНБ руу явдаг X:19, X:20 чиглэлээс бусад чиглэлүүд 1000 төгрөгөөр зорчино
Ирэх хоёрдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх шинэ тарифыг Улаанбаатар Смарт Картаас танилцуулав. Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудал руу явдаг X:19, X:20 чиглэлээс бусад чиглэлүүд Том хүнд 1000 төгрөгөөр, Хүүхдэд 200 төгрөгөөр үйлчлэх аж.
Харин чиглэлийн тарифыг 1 удаа төлж зорчсоноор 3 удаа дамжин суух боломжтой болох ба буух бүрдээ буух төхөөрөмжид картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдэлнэ.
Нийгэм
ЭМЯ: Менингококк халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 7 хоног цахимд шилжүүлэх санал гаргалаа
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг өвчний голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайд 2025 оны 01 дүгээр сарын 03 өдөр Менингококк халдвартай холбоотой албан даалгавар гаргаж урьдчилан сэргийлэх, хүрээ тодорхойлох оношлуур хийхийг үүрэг болгосон байсан.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.
Нийгэм
УЕПГ: 2024 онд 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлээ
Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.
Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.
Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.