Нийгэм
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.
- Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ нотолсон;
- Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон;
- Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон;
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ нотолсон тохиолдолд 5000 төгрөгийн хураамж төлөхгүй.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.