Нийгэм
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хяналт, шалгалт хийж байна
Мал амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гарсан журам, заавар, стандарт, Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор батлагдсан Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагын хэрэгжилтиийг хангуулах зорилгоор “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хийж эхэллээ.
Хяналт шалгалтад мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний зах худалдааны төв, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч 17 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчид нийт 62 аж ахуйн нэгж, 56 иргэнийг хамруулж, хяналт шалгалтын явцад 27 аж ахуйн нэгж, иргэний 538.5 тн бүтээгдэхүүнээс 35 сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, 84 зөрчлийг илрүүлж 67.9 хувийг газар дээр нь арилгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 23 заалт бүхий 6 албан шаардлага, тухайлсан 23, нэгдсэн 14 зөвлөмжийг тус тус хүргүүлж, 46 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болох 137 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
ЭМЯ: Менингококк халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 7 хоног цахимд шилжүүлэх санал гаргалаа
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг өвчний голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайд 2025 оны 01 дүгээр сарын 03 өдөр Менингококк халдвартай холбоотой албан даалгавар гаргаж урьдчилан сэргийлэх, хүрээ тодорхойлох оношлуур хийхийг үүрэг болгосон байсан.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.
Нийгэм
УЕПГ: 2024 онд 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэлээ
Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.
Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.
Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.