Энтертайнмент
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно

Улаанбаатар хот, Орхон аймаг гэсэн хоёр газар Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-нд зохион байгуулна. Өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд анхдугаар наадам 1999 онд болсон бол отгон наадам 2023 онд болжээ. Гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрөлд өрсөлдөөн өрнөх бол наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтлаа.
ГАЛХҮҮ: Монголын хүүхдийн өвлийн спортын наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор “Галхүү” байна. Наадмын бэлгэдэл Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлэгдсэн. Наадмын бэлгэдлийг багачуудад танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрийджээ.
ОРХОН АЙМАГТ ХОЁР ДАХЬ УДААГАА: Тус наадмыг Улаанбаатар хот болон Орхон аймагт зохион байгуулах талаар дээр дурдсан. Орхон аймгийг онцолбол, өмнө нь өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулж байсан ба гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр 10 гаруй удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулсан туршлагатай юм. 2015 онд тэшүүрийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн, 2013, 2015, 2017, 2020 онд хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байв.
ХААНА БОЛОХ: Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн болно.
МӨНГӨН УРАМШУУЛАЛ: Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын 2.1 дэх заалтаар алтан медаль 600 мянга, мөнгөн медаль 400 мянга, хүрэл медалийг 200 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал дагалдах бөгөөд нийтдээ 190 сая төгрөгийн мөнгөн шагналыг медаль авах тамирчин хүүхдэд, дасгалжуулагчдад олгох юм. Өмнөх наадамд 288 тамирчин, 15 дасгалжуулагч нийт 303 хүнд 121 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон билээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
